Усан үзмийн модны хаягдлаар байгальд хор нөлөөгүй гялгар уут бүтээжээ

Усан үзмийн модны хаягдлаар байгальд хор нөлөөгүй гялгар уут бүтээжээ


   АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуулийн профессор Сринавас Жанасвамигийн удирдсан судалгааны баг усан үзмийн модны хаягдлаар гялгар уут хийх технологи гарган авчээ. Энэ нь хэрэглээнд түгээмэл байдаг ердийн гялгар уутнаас илүү бөх, байгальд хоргүй төдийгүй хөрсөнд ердөө 17 хоногийн дотор задардаг байна. Шинэ төрлийн материалын үндсэн түүхий эд нь целлюлоз юм. Устөрөгчийн нэгдэл, глюкозын молекул ихээр агуулдгаараа целлюлоз нь ургамлын бат бэх бүтцийг хангах үндсэн хүчин зүйл болдог. Хүн төрөлхтөн целлюлозыг эртнээс танин үйлдвэрлэлд хэрэглэж ирсний нэг жишээ нь даавуу юм. Профессор С.Жанасвами авокадо, эрдэнэшиш, гадилын хальс, кофены шаар, үр буудайнаас целлюлоз гарган авсан нь чанарын хувьд харилцан адилгүй байжээ. Харин усан үзмийн модноос гаргаж авсан нь нийтийн хэрэглээнд илүү тохиромжтой, нэмүү өртөг шингэсэн материал болох өндөр магадлалтай байгаа аж. “Ийм материалаар хийсэн гялгар уутан дотор байгаа юм тод харагддаг, уутыг задлахгүйгээр уг бүтээгдэхүүний чанарыг мэдэж болдог нь том давуу тал. Иймээс хүнс савлахад хамгийн тохиромжтой” хэмээн С.Жанасвами ярьсан байна. Усан үзмийн модыг тайрахад хаягдал ихээр гардаг бөгөөд тэдгээрийг шууд хөрсөнд хаях буюу шатааж устгадаг. Иймээс уг хаягдлаар гялгар уут хийх нь өртөг зардал бага төдийгүй байгальд ээлтэйнхээ хувьд олон талын ач тустай хэрэг болж байна. “Sustainable Food Technology” шинжлэх ухааны сэтгүүлд тайлан нь дөнгөж хэвлэгдээд буй энэ судалгааг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хүнс, хөдөө аж ахуйн хүрээлэн болон Үндэсний шинжлэх ухааны сан санхүүжүүлжээ.  

   Дэлхий дахинд хуванцар хаягдлын дийлэнх хувийг дэлгүүрүүдэд ашигладаг гялгар уут эзэлдэг бөгөөд газрын тос мэт дахин боловсруулдаггүй түүхий эдээс гаргаж авдаг гялгар уут нь байгальд хэдэн зуун жил болж байж задардаг. Өнөөдрийн байдлаар, хэрэглэсэн гялгар уутны дөнгөж 9 хувийг л дахин боловсруулж байгаа аж. Далайд бөөгнөрсөөр буй хог хаягдлын мөн дийлэнх нь хуванцар хаягдал байдаг. Гялгар уут мэтийн хуванцар хаягдал нь бичил хэсгүүд болон задарч хүн, амьтны биед амьсгалын болон бусад замаар ордгийг сүүлийн үеийн судалгаа харуулсан бөгөөд хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь өнөө хэр бүрэн судлагдаагүй байгаа юм.             

Зураг дээр: Усан үзмийн модноос гаргаж авсан гялгар уут. Эх сурвалж: www.sdstate.edu

Профессор Сринавас Жанасвами лабораторидоо. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.