Дуучин Тэйлор Свифт сүй тавьснаа зарласныг АНУ-ын ерөнхийлөгч хэрхэн хүлээж авав?
Америкийн поп дуучин Тэйлор Свифт, мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Кэлситэй сүй тавьснаа зарласан нь дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн өчигдрийн нэг гол сэдэв байв. Тэгвэл уг мэдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Тэрбээр Цагаан ордонд өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлчдэд хандахдаа энэ сэдвийг хөнджээ. Ингэхдээ Т.Кэлсийг “Мундаг тамирчин, сайн залуу”, Т.Свифтийг “Хосгүй эмэгтэй” хэмээгээд “Хоёуланд нь аз жаргал хүсье” гэсэн байна.
Өнгөрсөн жилийн өдийд буюу ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп “Truth Social” сүлжээн дэх хаягтаа “Би Тэйлор Свифтэд дургүй!” хэмээн бичсэн юм. Энэ нь, ерөнхийлөгчийн сонгуульд түүний өрсөлдөгч Камала Харрисыг дэмждэг тухайгаа бичсэн алдарт дуучны пост олон нийтэд тарсны дараахан болсон явдал байв. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч Т.Свифт Д.Трампыг шүүмжилсэн пост нийтэлж байсан билээ. Дуучныг дайрсан Д.Трампын пост сонгууль өнгөрсөн хойно ч үргэлжилсэн юм. Тухайлбал өнгөрсөн тавдугаар сард Д.Трамп “Свифтэд дургүйгээ хэлснээс минь хойш түүний нэр хүнд навс унасан шүү” хэмээн бичсэн билээ. Дуучин болон түүний найз залуу үүнд хариу өгөөгүй юм.
Зураг дээр: Д.Трамп өчигдөр Цагаан ордонд болсон хурал дээр. Эх сурвалж: "Daily Mail" сонин.

Т.Свифт, Т.Кэлси нар сүй тавьснаа зарласны дараа. Гэрэл зургийн эх сурвалж: Taylor Swift инстаграм хуудас.

Дуучин, тамирчин хоёрын сүйн бөгж. Гэрэл зургийн эх сурвалж: Taylor Swift инстаграм хуудас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







