Дэлхийн хамгийн баян эмэгтэйн байгуулсан анагаах ухааны сургуульд оюутнууд үнэ төлбөргүй суралцана

Дэлхийн хамгийн баян эмэгтэйн байгуулсан анагаах ухааны сургуульд оюутнууд үнэ төлбөргүй суралцана


   Дэлхийн хамгийн баян эмэгтэй Алис Уолтоны хувийнхаа хөрөнгөөр, төрсөн нутаг Арканзас мужийн Бэнтонвилл хотод байгуулсан анагаах ухааны их сургууль анхны элсэлтийг авчээ. Анагаах ухааны дээд боловсролыг маш өвөрмөц байдлаар олгох зорилготой энэ сургууль өвчтөний шинжилгээ, оношинд гол анхаарлаа хандуулдаг уламжлалт хандлагаас тэс ондоо арга барилтай эмч нарыг бэлтгэх юм. Өөрөөр хэлбэл, оюутнууд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, эрүүл аж төрөх ёс, сэтгэлийн амар амгалан, эрүүл амьдралын хэв маяг, зөв дадлыг хүмүүст олгох ухаанд голчлон суралцах ажээ. А.Уолтон 1980-аад онд хэд хэдэн удаа автын осолд орж, олон жилийн хугацаанд 20 гаруй удаа мэс засал хийлгэсэн юм. Улмаар Америкийн эрүүл мэндийн системд шүүмжлэлтэй ханддаг болсноо нийтэд ил тод илэрхийлдэг болжээ. “Time сэтгүүлд бичсэнээр, Америкт эмч нар өвчтөний оношинд эн тэргүүнд анхаарч, өвчнөөс урьдчилан сэргийлэх талыг илэрхий орхигдуулдаг бөгөөд ар араас нь шинжилгээ хийлгэхийг шаарддаг нь хүмүүсийг санхүүгийн хувьд нэрвэдэг хэмээн А.Уолтон шүүмжилдэг байна. Эмчилгээг үр дүнтэй байлгахад чухал үүрэгтэй эмч, өвчтөн хоорондын халуун дулаан харилцаа, ойлголцол ховордож, төлбөр мөнгөний дааж давшгүй дарамт өвчтөний нуруун дээр ирдэг төдийгүй үүний эцсийн үр дүн тэр бүр хүссэн хэмжээнд байж чаддаггүй хэмээн тэрбээр үздэг ажээ. Улмаар эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг арга барилыг өөрчлөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас уг сургуулийг төрсөн нутагтаа байгуулсан төдийгүй анагаах ухааны боловсролын энэхүү шинэ загварыг орон даяар нэвтрүүлэх хэтийн зорилготой аж. Арканзас муж нь иргэдийнхээ эрүүл мэндийн үзүүлэлтээр АНУ-ын 50 мужаас 48-д жагсдаг бөгөөд эхийн эндэгдэл, өсвөр насны жирэмслэлтээр нэгдүгээрт ордог ажээ.

Алис Уолтоны анагаах ухааны их сургуулийн гадаад байдал. Гэрэл зургийн эх сурвалж: Alice L.Walton School of Medicine

   Шинэ сургууль хүмүүнлэгийн шинжлэх ухааныг урлагтай хослуулах бодлоготой бөгөөд ийм ч учраас сургуулийн барилга А.Уолтоны мөн өөрийн байгуулсан урлагийн музейн яг дэргэд байдаг байна. Ээжийнхээ нөлөөгөөр багаасаа урлагт дуртай болж хүмүүжсэн тэрбээр Америкийн дүрслэх урлагийн 500 шахам жилийн түүхэнд гарсан 3500 гаруй шилдэг уран зургийг олон жилийн турш цуглуулснаа энэ музейд байрлуулжээ. “Урлагийн бүтээлийг дарж хэвтэх биш, хүмүүст үзүүлж тэднийг баясгах хэрэгтэй” гэж ярьдаг тэрбээр энэ музейг тухайн үед огт музейгүй байсан Бэнтонвилл хотод 2011 онд байгуулж, олон нийтэд үнэгүй үзүүлдэг болгсон юм. Сургууль, музей хоёр хаяа дэрлэж байх нь хүнийг анагаахуй, урлаг, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаан эд бүгдийн уялдаа холбоог оюутнуудад сануулж байх түүний нэг зорилго хэмээн “Time сэтгүүлд бичсэн байна. Сургуулийн барилга нь бүхэлдээ өвөрмөц шилэн ханатай, дотроо бясалгалын хэд хэдэн өрөө, чийрэгжүүлэлтийн танхим, амралтын булантай төдийгүй барилгын дээвэр нь бүхэлдээ өтгөн шигүү ой мод, цэвэр тунгалаг устай цөөрөм бүхий цэцэрлэг аж. Уг цэцэрлэгт оюутнууд хичээл орохоос гадна эрүүл мэндэд тустай янз бүрийн ургамал тарихаар зохион байгуулжээ. Цэцэрлэгийн модон дундуур явсаар гадагшаа буухад урлагийн музей рүү шууд ордог. Сургуулиас хэдхэн алхмын зайд байгуулсан Эрүүл мэндийн хүрээлэн нь, өвчнөөс урьдчилан сэргийлэх ахисан шатны боловсролыг хэрхэн олгох талаар судалгаа хийх, энэ талаарх зөвлөгөө, мэдлэг, бодлого, шаардлагатай санхүүгийн системийг боловсруулахад төвлөрөн ажилладаг ажээ.

   Тэрбумтан эмэгтэйн байгуулсан “Alice L.Walton School of Medicine” сургуулийн анхны элсэлтийн шалгалтад 2000 хүүхэд бүртгүүлсний ердөө 48-ыг авсан байна. Үүсгэн байгуулагч нь сургуулийнхаа эхний таван жилийн элсэлтийн бүх оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлөхөө мэдэгдсэн юм.

   А.Уолтон нь өнөөгийн Америкийн жижиглэнгийн худалдааны хамгийн том сүлжээ “Walmart”-ыг 1962 онд үүсгэн байгуулсан Сэм Уолтоны охин бөгөөд өв залгамжлагч юм.  АНУ төдийгүй хилийн чанадад 10.7 мянган салбар дэлгүүр, 2.1 сая ажилтантай “Walmart” сүлжээ дэлхийн хамгийн өндөр орлоготой 500 компанийн нэгдүгээрт ордог. 2025 оны долоодугаар сарын байдлаар 160 тэрбум долларын хөрөнгө эзэмшиж буй А.Уолтон дэлхийн хамгийн баян эмэгтэй бөгөөд нийт “Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтад 15 дугаарт бичигдэж байна. 2017 онд түүний байгуулсан буяны сан эрүүл мэнд, боловсрол, иргэдэд санхүүгийн тэгш боломж олгох төслүүд болон музей, их сургуулиудад олон сая долларын хандив өргөсөөр иржээ.       

Гэрэл зургийн эх сурвалж: www.heute.at 

Шинэ сургуулийн хичээлийн танхим. Гэрэл зургийн эх сурвалж: Alice L.Walton School of Medicine


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.