Уртын дуучин Ж.Дорждагвын тухай баримтуудыг Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгөв

Уртын дуучин Ж.Дорждагвын тухай баримтуудыг Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгөв


   Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагвын талаарх судалгааны баримтуудыг соёл судлаач Ц.Наранчимэг өчигдөр Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Соёл урлагийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй тэрбээр олон жилийн судалгаагаараа дуучны хувийн тэмдэглэл бүхий гар бичмэл, пянз, хоолойн бичлэг, ном, хэвлэмэл материалыг цуглуулсан байна. Улмаар тэдгээр материалыг судалгааны эргэлтэд оруулах, залуу судлаачдад хэрэглүүлэх зорилгоор Соёлын өвийн үндэсний төвд өгчээ. Ц.Наранчимэг энэ оны нэгдүгээр сард “Жигзавын Дорждагвын баримтат өв” үзэсгэлэнг Монголын Театрын музейтэй хамтран гаргаж, нийт 64 гэрэл зураг, судалгааны эх сурвалжууд, 21 ширхэг CD, DVD, 52 ном, 23 гар бичмэл, Ж.Дорждагва болон эхнэр Д.Мажаагийн өмсөж байсан дээл, одон тэмдэг, “Монгол дуунуудын түүвэр”, “Монгол уртын дуунуудын түүвэр” номуудын эх хувилбарыг гурав хоногийн хугацаанд дэлгэн үзүүлж байв. Ж.Дорждагва нь Улсын төв театр, Ардын дуурь бүжгийн чуулгад дуучин, найрал дууны багшаар тасралтгүй 40 жил ажиллаж, Хөгжим бүжгийн дунд сургуульд багшлах зэргээр амьдралынхаа 50 гаруй жилийг дууны урлагт зориулсан хүн юм. Тэрээр “Соёл-Эрдэнэ”, “Шинэ сүлд”, “Эх орон”, “Туулай би” зэрэг 10 гаруй дуу, “Мандухай хатан” хөгжимт драмын жүжгийн бүүвэйн дуу, “Шарай голын гурван хаан” хөгжимт драмын жүжгийн Гэсэр мэргэний дуу, “Учиртай гурван толгой” дуурийн найрын дууг зохиожээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.