Хорь гаруй жил хүүгээ хайж буй хятад ээж байр амлав
Хятад улсын Шанхай хотын иргэн, эдүгээ 55 настай Тан Вэйхуа гэх эмэгтэй одоогоос 26 жилийн өмнө буюу 1999 онд алга болсон ганц хүүгээ хайсаар байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ. 1990-ээд онд нөхрийн хамтаар цахилгаан барааны дэлгүүр ажиллуулж байсан тэднийх харьцангуй чинээлэг айл байсан аж. Тэрбээр Лу гэх хүнийг борлуулагчаар ажилд авсан боловч тэр хүн дөрвөн настай хүүг нь хулгайлсан байна. Улмаар хүүг авч Гуанси Жуан өөртөө засах муж руу очсон бөгөөд сарын дараа цагдаа нар түүнийг баривчилсан ч хүн хулгайлсан хэргээ хүлээж, харин хүүхдийн хаана байгааг огт хэлээгүй аж. Лу овогтыг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн ч, хоригдож байх хугацаандаа үлгэр жишээ хүмүүжигч байсан гэж үзэн 2022 онд суллажээ. Түүнийг суллагдсаны дараа хүүгийн ээж Тан зорин очиж уулзаад хүүг нь хулгайлаад дагуулж явсан газруудаар нэг бүрчлэн явж хайсан ч олоогүй байна. Эцэст нь Тан 1.2 сая дагагчтай цахим хуудсандаа "Миний хүүгийн талаар чухал мэдээлэл өгсөн хүнд Шанхайд буй орон сууцны байраа өгнө" гэсэн зар нийтэлжээ. Тэрбээр "Энэ байр нь хүүгийн минь өвөөгийнх байсан. Аав минь ач хүүгээ өөд болтлоо хүлээсэн. Түүний цор ганц хүсэл нь ач хүүгээ олж уулзах л байлаа” гэсэн байна. Шанхайд орон сууц нэлээд өндөр үнэтэй тул энэ шагналын сургаар хүмүүс маш олон янзын мэдээлэл ирүүлсээр байгаа ажээ. Тэрбээр хүүгээ эрж хайх ажилд нийт 4 сая гаруй юань зарцуулсан гэх бөгөөд "Би хүүгээ хайсаар яваад үхнэ” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







