“Фольксваген” компани юуны учир олон сая долларын нөхөн төлбөрт унав?
Бразилийн Пара мужийн Хеденсао хотын Хөдөлмөрийн шүүх, боолчлол явуулсных нь төлөө Германы “Фольксваген” компаниар 165 сая реалын (ойролцоогоор 30 сая доллар) нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ нь орчин үед боолын хөдөлмөр эрхлүүлсэн хэрэгт оноосон хамгийн том шийтгэл гэдгийг тус улсын Прокурорын газар онцолжээ. “Фольксваген” компани 1974-1986 онд Пара мужид ферм ажиллуулж байхдаа нутгийн уугуул 300 орчим ажилчинд хүнлэг бус хандсан гэж шүүх үзсэн байна. Ажилчид бүрэн зэвсэглэсэн харуулуудын хараа хяналт дор, орон байргүй, хоол хүнсний хомсдолтой нөхцөлд ажиллаж, өвчин эмгэгт баригдаж байсан аж. Тэд өрөө барагдуулахын тулд ферм дээр цаг наргүй ажилладаг байсан бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) ч үүнийг өрийн боолчлол, албадан хөдөлмөр эрхлүүлсэн хэрэг гэж үзжээ. 1983 онд Христийн сүмийн пастор Рикардо Резенде тус фермээс оргосон ажилтны яриаг сонсон үнэнийг мэдсэнээр энэ явдлыг олон нийтэд дэлгэсэн юм. Тухайн үеийн Бразилын цэргийн дэглэм ч фермийн үйл ажиллагааг дэмжиж байсан гэх бөгөөд түүгээр үл барам “Фольксваген” компанитай хамтран тэрс үзэлт ажилчдыг хавчиж байсан нь илэрч 2020 онд 5.7 сая еврогийн нөхөн төлбөр төлөх шийтгэл хүлээж байв. Харин "Фольксваген" компани давж заалдана гэдгээ мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







