Хорват, Сербийн хилийн бүсэд шинэ улс байгуулагджээ

Хорват, Сербийн хилийн бүсэд шинэ улс байгуулагджээ


   Хорват, Сербийн хоорондох орших Дунай мөрний дагуух хүн амьдардаггүй ой ширэнгэ дотор “Вердисийн чөлөөт Бүгд Найрамдах Улс" (Free Republic of Verdis) гэж нэрлэсэн нэгэн улс байгуулагдсан байна. Тус улсын төрийн мэдлийн verdisgov.org вэбсайт болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын president.vrdgov.org вэбсайтад мэдээлснээр Даниел Жексоны засаглал 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр улсаа тунхагласан бөгөөд Д.Жэксон одоогоор ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Тэрбээр 2004 оны арванхоёрдугаар сард Австралид төрж, бага насаа Австрали, Их Британид өнгөрөөсөн, Вердисийн чөлөөт Бүгд найрамдах улсыг тунхаглахад 14 настай байсан бөгөөд өдгөө 20 нас хүрч байна. Тус улсын төр засгийн мэдээлснээр улсын нутаг дэвсгэр нь Хорватын тусгаар тогтнолын дайн (1991-1995), Хорват, Сербийн хоорондох хилийн маргааны үеэр аль ч улсад хамааралгүй “terra nullius” буюу эзэнгүй газар болж үлдсэн бөгөөд эдүгээ албан ёсоор Вердисийн Бүгд Найрамдах Улс болж байгуулагджээ. Уг нутгийг хөрш орнуудын газрын зураг дээр ихэвчлэн "Pocket 3" гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн жижиг муж болох Ватикан хоттой дүйцэхүйц юм. Засаглалаа бүгд найрамдах ардчилсан засаглалт орон гэж тодорхойлсон хэдий ч одоогоор аль ч улс Вердисийн Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Ерөнхийлөгч Д.Жексон нөхдийн хамт тус нутаг дэвсгэрт хийсэн хайгуул, маркшейдерийн экспедицид оролцож байхдаа 2023 оны 10 дугаар сард тэнд бүрмөсөн суурьшихыг оролдсон байна. Гэвч хэдхэн хоногийн дараа Хорватын цагдаа нар түрэмгийлэн орж ирээд Д.Жэксоны байгуулсан суурингуудыг устгасан гэх мэдээлэл байна. Улмаар түүнийг Хорватын хилээр нэвтрүүлэхийг бүрмөсөн хоригложээ. Тэрбээр NBC-д өгсөн ярилцлагадаа "14 настай байхдаа улсаа байгуулах санаа төрсөн бөгөөд одоо зорилгодоо хүрсэн, цаашид төвийг сахисан улс байх болно” гэжээ. Тэрбээр 2023 оны 10 дугаар сард Хорватын цагдаа нарт хөөгдөн гарсан тул одоогоор өөрийн нутаг дэвсгэрээ бүрэн хянах боломжгүй, хилийн чанадаас вэбсайтаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Тус улсын иргэншил авахаар 15 мянга гаруй хүн хүсэлт гаргасан бөгөөд тэднээс 400 хүн иргэний харъяалал авч, иргэний үнэмлэхтэй болжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.