Иргэдийн зээлжих чадварыг энэ сараас оноогоор дүгнэдэг болно
УИХ-аас энэ оны тавдугаар сард Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэн, компаниудын зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулахаар шийдвэрлэсэн билээ. Харин оронд нь олон улсын стандартын дагуу онооны системд шилжүүлэхээр болсон бөгөөд Монголбанкны зүгээс хууль хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмыг баталжээ. Тодруулбал, тус банкны ерөнхийлөгчийн энэ сарын 1-ний өдрийн тушаалаар зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй найдваргүй зээлийн ангилалд буй бүх мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Харин энэ сарын 10-наас эхлэн банк, санхүүгийн байгууллагууд нь иргэн аж ахуйн нэгжийн зээлжих чадавхыг онооны системээр дүгнэж эхэлнэ. Ингэхдээ тухайн иргэн зээлээ төлж чадахгүйд хүрч, оноогоо бууруулсан ч гэсэн, эргээд зээлээ төлж эхлэх тохиолдолд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж хэвийн түвшинд хүртэл ахих боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, зээлээ цаг хугацаанд нь төлөөд явсан иргэн, байгууллагийн зээлийн оноо нэмэгдэж, дахин өөр зээл авахад эерэг үзүүлэлт болох юм. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн муу түүхтэй болсон тохиолдолд зургаан жилийн хугацаанд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж хязгаарлагддаг байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







