“Vogue” сэтгүүлийг 40 шахам жил удирдсан эрхэм халаагаа хэнд өгөв?

“Vogue” сэтгүүлийг 40 шахам жил удирдсан эрхэм халаагаа хэнд өгөв?


   Дэлхийд алдартай, хувцас загварын “Vogue” сэтгүүлийг 37 жил удирдсан, эдүгээ 75 настай Анна Винтурын залгамжлагч болгож, 39 настай Хлое Маллег сэтгүүлийн ерөнхий редактороор томилсон байна. Х.Малле өмнө нь “Vogue.com” сайтын ерөнхий редактор, сэтгүүлийн хувцас загвар, соёлын "The Runthrough" подкастын хөтлөгчөөр ажиллаж байжээ. Тэрбээр Америкийн жүжигчин Кэндис Берген, Францын найруулагч Луи Малле нарын охин билээ. Браун их сургуулийг төгссөн тэрбээр 2011 онд “Vogue” сэтгүүлийн редактор болохоосоо өмнө “New York Observer” сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж, загвар, улс төр, орон сууц, цэцэрлэгжүүлэлт, гоо сайхан, эрүүл мэнд зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хөндөж бичдэг байжээ. Мөн тэрбээр 2023 онд vogue.com сайтын ерөнхий редакторын үүргийг хүлээж авснаасаа хойш сайтын дижитал контентыг хянаж эхэлснээр хандалт хоёр дахин нэмэгдсэн болохыг сэтгүүлийн албаны хүн мэдээлсэн байна. Х.Малле саяхан “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын эхнэр Лорен Санчестай ярилцлага хийсэн нь олны анхаарлыг татаж, алдартнуудын тэжээвэр нохойн тухай "Dogue" онлайн сэтгүүл гарахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Шинэ албаа хүлээж авсан Х.Малле "Хувцас загвар болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэрлийн хурдаар хөгжиж байна. Би энэ бүхний нэг хэсэг болсондоо маш их баярлаж бас эмээж байна” гэжээ. Харин чөлөөндөө гарч буй Анна Винтур залгамжлагчаа танилцуулахдаа "Тэр бол “Vogue” сэтгүүлийн өнгөрсөн түүх, ирээдүйн зам хоёрын хооронд тэнцвэрийг бий болгож чадна гэдгээ нотолсон хүн” гэжээ. Их Британийн иргэн А.Винтур 1983 онд 30 гаруйхан насандаа “Vogue”, “Vanity Fair”, GQ сэтгүүлүүдийг удирддаг “Condé Nast” медиа бүлэгт нэгдэж, “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактороор 1988-2025 онд ажилласан юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.