Алтанбулаг боомтын хүчин чадал 3-4 дахин нэмэгдэв
Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийг бүрэн хийж дуусчээ. Улмаар өнөөдөр бүтээн байгуулалтын нээлтийн ёслолыг зохион байгуулав. Боомтод 14.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30.000 м2 доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг байгуулжээ. Мөн 7.8 сая долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон иж бүрэн лаборатори барьж байгуулсан байна. Ингэснээр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, 6000 м2 ногоон байгууламжтай болсон байна. Тус боомтоор өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол ийнхүү өргөтгөснөөр 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, боомтоор өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







