Хятадын тэрс үзэлтэн эр төр засгаа хэрхэн эсэргүүцэв?
Хятад улс Ялалтын баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэж, дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа энэ үед коммунист төр засгийг хатуу шүүмжилсэн нэгэн иргэн эсэргүүцлээ алсын зайнаас, өвөрмөц байдлаар илэрхийлжээ. Хятадаас дүрвэн гарсан тэрс үзэлтэн тэрбээр томоохон хотын төвийн байшингийн ханан дээр засгийн газрын эсрэг уриа лоозонг лазер гэрлээр тусгаж, цагдаа нар түүнийг зогсоохоор оролдож буй байдлыг нууцаар бичиж аваад, бичлэгээ дэлхий нийтэд цацжээ. Эрх баригчид даруй арга хэмжээ авч, ар гэрийнхнийг нь баривчлан саатуулсан байна. "The Times" сонины мэдээлснээр, уг явдал наймдугаар сарын 29-ний шөнийн 22 цагийн орчимд Чунцин хотын нэгэн их сургуулийн ойролцоо болжээ. Гэнэт өндөр байшингийн ханан дээр проектор гэрлээр тусгасан “Коммунист нам устаж байж шинэ Хятад бий болно”, “Боолчлолоос татгалзаж буй ард иргэд босогтун”, “Улаан фашизмыг устгаж, коммунист дарангуйллыг сөнөөе” гэх мэт зурвасууд гарч иржээ. Цагдаа нар үүнийг олж зогсоох хүртэл 50 орчим минут болсон байна. Ойролцоох зочид буудлын өрөөнөөс гэрэл тусч байгааг харсан цагдаа нар өрөөний хаалгыг онгойлгож ороход өрөө хоосон, цонхны дэргэд зөвхөн проектор үлдсэн байв. Ширээн дээр цагдаагийнханд зориулж үлдээсэн зурваст “Өнөөдрийн системээс ашиг хүртэгч та бүхэн хэзээ нэгэн цагт хохирогч болох болно. Ард түмнийхээ талд байгаарай” гэсэн байжээ. Тэд проекторыг унтраахаар оролдож байх үед нэгэн офицер бичлэг хийж буй нууц камер байгааг илрүүлсэн байна. Энэ бүхнийг төлөвлөж хийсэн хүн бол өөрийгөө Ци Хонг гэж нэрлэсэн 40 гаруй насны эр байв. Тэрбээр үүнээс ес хоногийн өмнө эхнэр, хоёр охиныхоо хамт Хятадаас гарч Их Британийн Лондон хотод очсон ба зочид буудлын өрөөг урьдчилан захиалж, проектор, камер зэргээ суурилуулаад Их Британид очсон хойноо төхөөрөмжөө алсаас удирдаж байжээ. Улмаар эсэргүүцлийн уриан лоозон, цагдаа нарын хариу үйлдэл зэргийг нууцаар бичиж аваад олон нийтийн сүлжээгээр тараасан аж.
Буудлын өрөөнд суурилуулсан нууц камераар цагдаа нарын үйлдлийг бичсэн байдал.
1982 онд Чунцин хотын ойролцоох уулын тосгонд төрсөн Ци Хонг 16 настайдаа сургуулиа орхиж, хотод нүүж ирээд үйлдвэрийн ажилчин, гудамж цэвэрлэгч зэрэг ажил хийж байжээ. NYT сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр бага залуудаа оршин суух зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар цагдаад саатуулагдан зодуулж байсан гэх мэт явдлын улмаас тэрбээр төр засагтаа итгэдэггүй болсон гэнэ. Жорж Оруэллийн "1984", "Амьтны ферм" зохиолыг уншаад Коммунист намын засаглалаас цэрвэдэг, улмаар шүүмжилдэг болсон тухайгаа өгүүлсэн байна. Мөн “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа "Дарангуйллын эсрэг босох ёстой гэсэн мессэжийг оюутан залууст хүргэхийг зорьсон" гэжээ. Энэ үйл явдлын тухай бичлэг Хятадад болон гадаадад маш хурдан тархаж, дөрөв хоногийн дотор 18 сая хандалт авчээ. Хятадын холбогдох байгууллагууд тэр даруй арга хэмжээ авч, нэг дүү болон найзыг нь баривчилж, хөдөө суудаг өндөр настай ээжээс нь байцаалт авсан байна. Тэрбээр энэ төлөвлөгөөгөө эхнэрээсээ өөр хэнд ч хэлээгүй гэнэ. Хятадын алдартай блогчин Ли Ин NYT сонинд өгсөн ярилцлагадаа "Түүний үйлдэл нь Коммунист намын хяналт төгс биш байгааг харуулж байна. Баяр ёслолын үеэр аюулгүй байдлыг хамгаалахын төлөө асар их мөнгө зарцуулсан эрх баригчдад ноцтой анхааруулга боллоо" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







