Хятадад болж буй Ялалтын баярыг Тайвань хэрхэн хүлээж авав?
Тайванийн зарим алдартнууд Хятадын Ялалтын баярт мэндчилгээ дэвшүүлсэн нь тус улсад шүүмжлэл, маргаан дагуулаад байна. Хятадын төрийн мэдлийн CCTV 3-ны өдрийн арга хэмжээг сурвалжилж "Түүхийг хамтдаа дурсаж, агуу ялалтаас агуу их сэргэн мандалт руу шилжицгээе!" гэсэн уриа нийтэлснийг эх газрын Хятадад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Тайванийн олон арван алдартан цахим сүлжээнд хуваалцаж, дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал Тайванийн жүжигчин Су Ши "Баатруудын алдар мөнх. Энхтайван үүрд оршиг” гэсэн бол "Алтан хонх" шагналын эзэн, жүжигчин Ву Канрен "Өнгөрсөн түүх, өвөг дээдсээ эргэн дурсаж, энх тайвныг эрхэмлэн, ирээдүйг цогцлоон бүтээцгээе" гэсэн тайлбартайгаар дээрх нэвтрүүлгийг хуваалцжээ. Харин үүний хариуд Тайванийн эх газрын Хятадын хэрэг эрхлэх гол байгууллага болох Эх газрын харилцааны зөвлөл "Хятадыг дэмжсэн сурталчилгаа явуулсан алдартнуудын эсрэг хуулийн хориг арга хэмжээ авч торгууль ногдуулна" гэжээ. Түүгээр үл барам өнгөрсөн тавдугаар сараас хойш Хятадыг дэмжсэн сурталчилгааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан 23 хүнийг хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Улмаар цаашид ийм зөрчил гаргавал 500 мянган тайвань доллар хүртэлх торгууль ногдуулна гэдгээ мэдэгджээ.
Харин эсрэгээрээ Хятадад, Ялалтын баярыг дэмжиж байр сууриа илэрхийлээгүй Тайванийн алдартнуудыг шүүмжилж буруутгасан хөдөлгөөн өрнөөд байна. Тухайлбал Хятадын цахим хэрэглэгчид тус улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Тайванийн урлаг, соёлын 75 алдартны жагсаалтыг гаргаж, Ялалтын баярыг дэмжссэн хэсгийг ногоон өнгөөр, дэмжээгүй хэсгийг нь улаан өнгөөр ялган “Үндэсний эрх ашгаасаа урвасан оппортунистууд дэндүү олон байна. Үндэсний баяраа дэмжиж чадахгүй байгаа бол Хятадад ирж сурталчилгаа хийхээ боль" гэх зэргээр шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







