Сугалаанд 9.9 сая доллар хожсон эмэгтэй мөнгөө найзуудтайгаа хуваахаар болжээ
АНУ-ын Индиана мужийн Колумбус хотод оршин суудаг Милли хэмээх эмэгтэй одоогоос 11 жилийн өмнө үйлдвэрт ажиллаж байхдаа, хамт ажилладаг дөрвөн хүнтэйгээ нийлж хонжворт сугалаа худалдан авдаг болжээ. Тэд хүнийхээ тоогоор сугалаа авч, хамтдаа тааруулан хөгжилддөг байсан бөгөөд ажлаасаа гарсан хойноо ч энэ зугаагаа тасралтгүй үргэлжлүүлж ирсэн байна. Ингэж явсаар 11 жилийн дараа буюу өнгөрсөн сарын 16-нд тэд уламжлал ёсоор сугалаагаа худалдан авч олон нийтийн сүлжээн дэх дундын групптээ тавьжээ. Гэтэл Миллийн авсан сугалаанд 9.9 сая долларын хонжвор таарсан байна. Милли үүнийг хамгийн түрүүнд үзээд “Ээ бурхан минь, бид хожчихлоо!” хэмээн бичсэнийг “People” сэтгүүл мэдээлжээ. “Миллигийн мессэж ирэхээс өмнө би оройн хоолоо идэх гэж байсан юм. Тэр мессэжийг үзээд хоол орохоо больсон” хэмээн таван найзын нэг Кендра “People” сэтгүүлд ярьсан байна. Харин тэдний нэг Женна “Hoosier Lotto” сугалааны хамгийн том хонжвор буюу жэкпот Колумбус хотод таарсныг мэдээгээр сонсоод “Надад таарсан ч болоосой” гэж бодож байсан гэнэ. Тэгвэл нөгөө нэг найз Роксанн гэр бүлийн хамт Аляска руу аяллаар гарах гэж байсан бөгөөд Миллигийн мессэжийг үзээд, хожлоо тэмдэглэхийн тулд аяллаа хойшлуулах талаар бодсон боловч хараахан тэгээгүй байна. Найзууд одоо Роксанныг Аляскаас ирэхийг хүлээж байгаа бөгөөд ирмэгц нь хожлоо тэмдэглээд, мөнгөө ижил тэнцүү хувааж авахаар зэхэж байгаа талаар “People” сэтгүүл мэдээлжээ.
Гэрэл зураг: "Hoosier Lottery"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







