Хамгийн өндөр настай ерөнхийлөгч, хамгийн олон жил төр барьсан удирдагч хоёулаа Африкт байдаг
2025 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн болон хамгийн олон жил төр барьсан удирдагч хоёулаа Африкт байна. Төв Африкийн Камерун улсын ерөнхийлөгч Пол Бия болон хөрш зэргэлдээ Экваторын Гвиней улсын ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуэма Мбасого нар энэ амжилтын эзэн болж байгаа юм. Адольф Гитлер Германы засгийн эрхэнд гарсан жил буюу 1933 онд Камеруны өмнөд нутгийн Мбомекад төрсөн Пол Бия энэ жил 92 насыг зооглож, дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн болжээ. Нэг хүн насан туршдаа төр удирддаг хаант улсуудад ийм үзэгдэл байдаг бөгөөд тэднээс хамгийн ахмад нь Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд өдгөө 89 настай буюу П.Биягаас гурван насаар дүү ажээ. П.Бия нь Парист суралцаж байгаад Камерунд эргэж ирээд төрийн өндөр албан тушаалд дэвшиж, 1975 онд ерөнхий сайд, 1982 онд ерөнхийлөгч болсноор өнөөг хүртэл завсаргүй 43 жил төр барьж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2018 онд ерөнхийлөгчийн сонгуульд долоо дахь удаагаа ялалт байгуулж, бүрэн эрхээ долоон жилээр сунгасан бөгөөд 2008 оноос олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн ч албан тушаалаа хашсаар байна. Удахгүй ирэх аравдугаар сард тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд өндөр настай түүний эрүүл мэнд ихээр доройтохгүй бол дахин нэр дэвшиж ялах магадлал өндөр гэж үзэж байгаа юм.
Экваторын Гвиней улсын ерөнхийлөгч Т.Обианг нь орчин үеийн түүхэнд тэмдэглэгдсэн Ким Ир Сен, Фидель Кастро нараас илүү урт хугацаанд төрийн эрхийг барьсан хүн юм. Цэргийн сургууль төгссөн тэрбээр эдүгээ 83 настай бөгөөд 1979 оны наймдугаар сард төрийн эргэлт хийж, тус улсын анхны ерөнхийлөгч байсан авга ах Франсиско Макиас Нгуемыг түлхэн унагаж төрийн эрхэнд гарсан бөгөөд эдүгээ 46 дахь жилдээ улсын эрхийг атгаж байна. Түүнийг хатуу чанга диктатураар эрх мэдлээ хадгалж, тэрс үзэлтнүүдийг нухчин дарж, газрын тосны орлогыг ойр дотнын цөөн бүлэг хүмүүст хуваарилж байна гэж шүүмжилдэг. Тэрбээр 2013 оны наймдугаар сард Хойд Солонгосоос “Ким Чен Ирийн шагнал” хүртэж байжээ. Т.Обианг хамгийн сүүлд 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулиар зургаа дахь удаагаа сонгогдож, дахин долоон жилийн бүрэн эрхээ баталгаажуулж, 2029 он хүртэл 50 жил төрийн эрхийг барихаар болсон юм. Түүний том хүү, дэд ерөнхийлөгч Теодоро Нгуэма Обианг Мангуэг эцгийнхээ залгамж халааг авах хүн гэж үздэг. Гэсэн хэдий ч эцгийн халааг авах энэ хүү төсвийн хөрөнгө шамшигдуулсан, авилгын хэрэгт холбогдсон зэрэг дуулианаас болж дотооддоо болон олон улсад нэр хүндээ алдсан төдийгүй авлигын хэргээр АНУ, Франц, Их Британи, Бразил улсын хоригт орсон байна. Олон улсын хамтын нийгэмлэг дээрх хоёр орны улс төрийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, эрх мэдэл залгамжлах магадлалтай байгаад санаа зовниж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







