Тэрбумтан Марк Цукербэргийг хуульч Марк Цукербэрг шүүхэд өгчээ

Тэрбумтан Марк Цукербэргийг хуульч Марк Цукербэрг шүүхэд өгчээ


   “Facebook“-ийг үндэслэгч Марк Цукербэргтэй ижил нэртэй хуульч эр Фэйсбүүк хаяг нь удаа дараа хаагдсаны улмаас “Меtа” компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Индиана мужид оршин суудаг, 38 дахь жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж буй Марк Цукербэрг нэхэмжлэлдээ тус компанийг хуулийн үндэслэлгүй, зохисгүй шалтгаанаар цахим хаягийг нь хаасан болохыг онцолжээ. Түүний мэдээлснээр сүүлийн 8 жилийн хугацаанд ажлынх нь цахим хаягийг таван удаа, хувийн хаягийг нь дөрвөн удаа хааж, үүнээс үүдэн бизнесийн алдагдал хүлээсэн гэнэ. Харин “Меtа” компани түүнийг  жинхэнэ нэрээ ашиглаагүй, олны танил хүний нэр сүрийг ашигласан тул ийм арга хэмжээ авсан гэж мэдэгдэж байжээ. Гэвч тэдний овог нэр бараг адилхан, хуульчийг Марк Стивен Цукербэрг, “Facebook“-ийг үндэслэгчийг Марк Эллиот Цукербэрг гэдэг ажээ. Хуульч эр овог нэрээ батлахын тулд иргэний үнэмлэх, зээлийн карт, цээж зураг зэргээ “Facebook“-т илгээдэг байсан ч хаягийг нь удаа дараа хаасаар байсан байна. Эцэст нь тэрбээр шүүхэд гомдол гаргахдаа “Меtа” компанийн эзэн тэрбумтан эрийг гурван настай байхад би хуулийн салбарт өмгөөлөгч хийж явлаа” гэсэн байна. Хамгийн сүүлд “Меtа” компанийн зүгээс мэдэгдэл гаргаж, "Бид Марк Стивен Цукербэргийн цахим хаягийг сэргээсэн. Энэ асуудалд тэвчээртэй хандаж ирсэнд талархаж байна. Дахин ийм зүйл давтагдахгүй" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.