Францын Засгийн газар огцрохоор боллоо
Өчигдөр Францын парламентад болсон санал хураалтаар депутатуудын олонх нь ерөнхий сайд Франсуа Байрүг дэмжихгүй гэдгээ илэрхийлснээр есөн сарын өмнө байгуулагдаж байсан Засгийн газар огцрох нь тодорхой боллоо. BFMTV телевизийн мэдээлснээр, Засгийн газар парламентад өргөн барьсан ирэх жилийн төсөвт нийгмийн халамжийн зардлыг өнгөрсөн оныхоос 44 тэрбум еврогоор танаснаа хамгаалж чадаагүйн улмаас ийнхүү огцорч байна. 2026 оны төсвийн асуудлаар намуудын санал эрс зөрж засаглалын хямрал нүүрлэх аюул тулгарсны улмаас Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлаар парламентад санал хураах санаачилгыг ерөнхий сайд өөрөө гаргасан бөгөөд санал хураалтад оролцсон 573 гишүүний 364 нь түүний эсрэг санал өгчээ. Төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, эм худалдан авах зардал, далайн цаадах газар нутгийн санхүүжилт зэргийг багасгаж, батлан хамгаалах зардлыг 3 тэрбум еврогоор нэмсэн төсвөө тайлбарлахдаа Ф.Байру “Өөр зам байхгүй” хэмээгээд “Үнэн бодит байдал өршөөлгүй байгаа нь харамсалтай. Зардал нэмэгдсээр, тэртэй тэргүй хүнд байгаа өрийн дарамт улам хүндрэх нь зайлшгүй байна” гэжээ. Засгийн газрыг огцруулаад ч байдал дээрдэхгүй гэдгийг тэрбээр мөн онцлон хэлсэн байна. Түүний өмнөх буюу 45 дахь ерөнхий сайд Мишэль Барньэ мөн 2025 оны төсвийг парламентад өргөн барихдаа төсвийн зардлыг эрс бууруулахаар тусгаснаасаа болж, томилогдсоноосоо хойш ердөө гурван сарын дараа огцорсон билээ. “Le Monde” сонинд бичсэнээр Ф.Байру ерөнхий сайдаас огцрох хүсэлтээ өнөө өглөө өгөх бөгөөд ерөнхийлөгч Э.Макрон түүний орны хүнийг ойрын өдрүүдэд томилно гэдгийг Елисэйн ордон нотолсон байна.
Гэрэл зураг: THIBAUD MORITZ / TASS
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







