Гээсэн хэтэвчээ 51 жилийн дараа олжээ

Гээсэн хэтэвчээ 51 жилийн дараа олжээ


   Канадын Хэмилтон хотод сургуулийн барилга засварлаж байсан ажилчид хуучин хэтэвч олсноо эзэнд нь өгсөн талаар орон нутгийн “The Hamilton Spectator” сонин мэдээллээ. Тэд сургуулийн ханыг буулгаж байтал уг хэтэвч гарч ирсэн бөгөөд онгойлгож үзээд, эзэн нь Том Шоф гэдэг хүн болохыг мэджээ. Т.Шоф 1974 онд энэ сургуульд сурч байхдаа 17 настай байсан байна. Барилгачдаас хэтэвчийг хүлээж авсан сургуулийн удирдлага төгсөгчөө хайж эхэлсэн төдийгүй олсон гэнэ. Эдүгээ 68 настай Т.Шоф хэтэвч олдсон тухай захидал хүлээж аваад, хэн нэгнийг тоглоом хийж байна гэж бодсоноо “The Hamilton Spectator” сонинд ярьсан байна. 51 жилийн өмнө хэтэвчээ гээснээ тэрбээр санах ч үгүй байжээ. Гэвч сургууль дээр очихоор шийдсэн бөгөөд хэтэвчээ нүдээр үзээд, өөрийнх нь мөн болохыг таньсан гэнэ. Хэтэвчин дотор мөнгө байгаагүй боловч жолооны үнэмлэх, фото зураг, сугалаа, автобусны билет, хоккейн тэмцээний тасалбар байжээ. Тэрбээр барилгачдад талархал илэрхийлээд “Энэ дэлхийд сайн хүмүүс байж, буянт үйлс өрнөсөөр байгаа нь сайхан хэрэг” хэмээн сонины сурвалжлагчид ярьсан байна. Өнгөрсөн жил АНУ-ын Миссүри мужид нэгэн хүн цэцэрлэгээсээ хуучин бөгж олоод эзнийг нь олж өгч байв. Эзэн нь тэр бөгжийг 44 жилийн өмнө гээсэн байжээ.  

Гэрэл зургийн эх сурвалж: “The Hamilton Spectator”


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.