Тайвань: Спортын яам байгуулж анхны сайдаар Олимпын аварга тамирчныг томилов

Тайвань: Спортын яам байгуулж анхны сайдаар Олимпын аварга тамирчныг томилов


   Тайванийн Засгийн газар Олимпын тоглолтод Хятадын тамирчныг хоёр удаа ялж алтан медаль хүртсэн бадминтоны тамирчин, 30 настай Ли Яныг шинээр байгуулсан Спортын яамны сайдаар томилсноо зарлав. Ли Ян 2021 оны Токио, 2024 оны Парисын Олимпод Хятадын тамирчныг дараалан ялж байсан аж. Олон улсын спортын тавцанд төрийн албан ёсны нэр, далбаагүй оролцдог тус улс үндэсний бахархлыг төрүүлсэн баатраа ийнхүү спортын анхны сайд болгон өргөмжилжээ. “Нэг Хятад” зарчим баримталдаг Хятадын бодлогоос болж Тайвань улс олон улсын тэмцээнд “Chinese Taipei” нэрээр оролцдог. Ли Ян Токиогийн Олимпоос анхны алтан медаль авсныхаа дараа олон нийтийн сүлжээнд "Би Тайванийн иргэн Ли Ян байна. Би улс орноо дэлхийд мандуулж чадлаа. Энэ их нэр хүндийг эх орон Тайваньдаа зориулж байна" хэмээн нийтэлж байжээ. Тэрбээр Парисын Олимпын дараа шууд зодог тайлж, Тайванийн Үндэсний спортын их сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж эхэлсэн байна. Спорт нь Тайваньд үндэсний эв нэгдлийг хангах хүчирхэг зэвсэг болж, тамирчдын ялалт бүр эх оронч үзлийг төрүүлдэг. 2004 оны Афины Олимпод алтан медаль хүртсэн эрэгтэй, эмэгтэй таэквондогийн тамирчид дэвжээн дээр зогсоход Тайванийн төрийн далбаа, сүлд дууны оронд Хятадын Тайбэйн Олимпын хорооны далбаа мандахад тамирчид нулимс дуслуулж байсан юм. Ерөнхийлөгч Лай Чин Тегийн тэргүүлсэн Ардчилсан дэвшилт намын Засгийн газар энэ оны эхээр элит тамирчдыг системтэй бэлтгэж, Тайванийн онцлогийг спортоор дамжуулан бэхжүүлэх зорилготойгоор Спортын яам байгуулсан билээ. Тэрбээр "Бид Тайванийн тамирчдыг олон улсын тавцанд гаргах, Тайванийг дэлхийд таниулах зорилгоор тус яамыг байгуулж, анхны сайдаар нь нэр хүндтэй, бэлгэдлийн чанартай хүнийг сонгосон" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.