8 тэрбум долларын хөрөнгөө бүгдийг буяны үйлсэд өргөсөн бизнесмэн эрийн түүх

8 тэрбум долларын хөрөнгөө бүгдийг буяны үйлсэд өргөсөн бизнесмэн эрийн түүх


   Насаараа цуглуулсан хэдэн тэрбум долларын хөрөнгөө бүгдийг буяны үйлсэд зориулаад хорвоог орхисон бизнесмэн эрийн тухай уншигчдадаа сонирхуулъя. Ирланд гаралтай, Америкийн иргэн Чак Фийни Нью-Жэрси мужийн Элизабэт хотод 1931 онд төржээ. Эцэг нь даатгалын компанид ажилладаг, эх нь сувилагч байсан бөгөөд хүү багадаа айлын хашааны цас цэвэрлэхээс өгсүүлээд янз бүрийн хар ажил хийдэг байв. Элизабэт хотын Гэгээн Мэрийн католик сургуулийг төгссөн тэрбээр буяны үйлсэд шамдах хүмүүжлийг энэ сургуулиас олж авснаа хожим дурссан байдаг. Олон жилийн дараа чинээлэг бизнесмэн болсон хойноо сургуульдаа 250 мянган доллар хандивласан нь энэ сургуулийн түүхэнд, нэг хүнээс авсан хамгийн том хандив байв.

Ч.Фийни Солонгосын дайны үед АНУ-ын Нисэх хүчинд холбоочноор алба хаагаад Газар дундын тэнгис дэх Америкийн цэргийнхэнд гаалийн татваргүй үнээр архи дарс худалдан бизнесийн гараагаа эхэлжээ. Улмаар 1956 онд Корнэллийн их сургуулийг дүүргээд, татваргүй барааны анхны дэлгүүрээ Хонконгод нээсэн нь насан туршийнх нь бизнес болох “Duty Free Shoppers Group” (DFS Group) компанийнх нь эхлэл байв. Компани салбар дэлгүүрүүдээ дэлхийн олон оронд нээж ихээхэн ашиг олсон бөгөөд Ч.Фийни 1996 онд өөрийн хувиа Францын “Louis Vuitton” компанид зарахаас өмнө, 1982 онд байгуулсан “Atlantic Philanthropies” буяны сандаа хамаг хөрөнгөө шилжүүлж байсан байдаг. Мөн хожим нь ч “Facebook”, “Alibaba” зэрэг ирээдүйтэй олон бизнест оруулсан хөрөнгөө энэ сангийн нэр дээр бүртгүүлж байжээ. Хамгийн том хандиваа тэрбээр өөрийн төгссөн Корнэллийн их сургуульд хандивласан нь нэг тэрбум доллар байв. Үүнээс ч хойш олон сая долларыг энэ сургуульд өгч байсан. Ирландын их сургуулиуд, боловсролын байгууллагуудад хандивласан нийт мөнгө нь мөн нэг тэрбум долларыг давсан байна. Боловсролд, тэр дундаа амьдралын бололцоогүй айлын хүүхдүүдийг сургуульд оруулахад түүний хандивласан мөнгө 3.7 тэрбум доллар болжээ.       

Тэрбээр АНУ-ын олон арван их сургуульд мөнгө хандивласнаас гадна Вьетнамд нийтийн эрүүл мэндийн бүтцийг сайжруулах, ӨАБНУ-д ДОХ-той тэмцэх, Хаитид газар хөдлөлтийн уршгийг арилгахад зориулан сая сая доллароор тусалж байв. Тэрбээр хандив өгч байгаагаа зарлах тун дургүй, ихэвчлэн нууцаар, нэрээ дурдалгүй өгдөг байжээ. “The New York Times” сонинд бичсэнээр, дэлхийн таван тивд түүний хандивын 2.7 тэрбум доллароор баригдсан мянга гаруй барилгын нэгэнд нь ч түүний нэр байдаггүй гэнэ.  

“Forbes” сэтгүүл Ч.Фийнийг “Буяны үйлсийн Жэймс Бонд” гэж бичсэн бол “Time” сэтгүүл “Өнөө цагийн америкчуудын дунд буяны үйлсээрээ түүнээс илүү гарах хүн үгүй” хэмээж байжээ. Дэлхийн тэргүүн баян Уоррэн Баффэт түүний талаар хэлэхдээ “Чак бол миний баатар, Билл Гэйтсийн ч баатар бас мөн. Хүн бүрийн баатар гэвэл бүр илүү ононо” гэж байв. Ч.Фийни өөрөө “Насан туршид минь толгойноос салаагүй нэг бодол надад бий. Тэр бол, хүн хөрөнгөтэй л бол бусдын төлөө зарцуулах хэрэгтэй гэдэг бодол” гэсэн бий.    

Ч.Фийни сүүлчийн хандив болох 7 сая доллароо 2016 онд Корнэллийн их сургуульд өгсөн байна. Амьдралынхаа туршид түүний бусдад өгсөн мөнгө 8 тэрбум доллар болжээ. 2016 онд Ч.Фийни дансандаа 2 сая доллартой байсан бөгөөд хувьдаа байр, машингүй, 10 долларын үнэтэй “Casio” цаг зүүдэг, Сан-Францискод түрээсийн байранд амьдарч байв. “Atlantic Philanthropies” сан үйл ажиллагааныхаа хамгийн идэвхтэй үедээ дэлхий даяар 10 салбар, 300 гаруй ажилтантай байжээ. Үүсгэн байгуулагчийнхаа бүх мөнгийг зарцуулж дууссанаар уг сан зорилгоо биелүүлсэнд тооцож, 2020 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа зогсоосон юм. Ч.Фийни 2023 онд 92 настайдаа бие барсан байна. Тэрбээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд 32 жил ханилсан анхныхаа эхнэрээс дөрвөн хүүхэдтэй байжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: www.atlanticphilanthropies.org


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.