Домогт рэп дуучныг хөнөөсөн хэргийн захиалагчаар Пафф Дэддийг нэрлэжээ
1996 онд бусдад буудуулан амиа алдсан алдартай рэп дуучин Тупак Шакурын аллагыг мөн рэп дуучин Пафф Дэдди буюу Шон Комбс захиалсан хэмээн, энэ хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Дуэйн Кит Дэвис мэдүүлжээ. “USA Today” сонины өнөөдөр мэдээлснээр, Ш.Комбс нь Т.Шакур төдийгүй “Death Row Records” студийн үүсгэн байгуулагч Шүгэ Найтыг мөн алуулахаар захиалсан бөгөөд нэг сая доллар амласан хэмээн Д.Дэвис хэлсэн байна. 1996 оны есдүгээр сарын долоонд Т.Шакур Лас Вегаст Д.Дэвисийн дүү Орландо Андерсентэй муудалцаж салаад хэдэн цагийн дараа гудамжинд машинтай явж байхдаа буудуулсан юм. Гэмт этгээдүүд цагаан өнгийн “Cadillac” машин дотроос буудаад зугтсан бөгөөд Т.Шакур газар дээрээ нас барсан бол Ш.Найт шархадсан боловч амьд үлдсэн билээ. Эдүгээ бэлгийн мөлжлөг, хүний наймаа, бусдыг айлган сүрдүүлсэн зэрэг хэд хэдэн хэрэгт шалгагдаж буй Ш.Комбсын эсрэг нэхэмжлэлд, энэ аллагад түүнийг хамаатай байж болох тухай дурдагдаж буй төдийгүй дуучин үүнийгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн хэвлэлд гарсан удаатай. Гэвч албан ёсоор бол түүнийг энэ хэрэгт хараахан буруутгаагүй, өөрөө ч хамаагүй хэмээн мэдүүлсээр байгаа юм.
29 жилийн өмнө болсон энэ хэргийн буруутныг одоо хүртэл олоогүй, цагдаагийнхан мөрдөн байцаалтаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд хамгийн сүүлд сэжигтнээр энэхүү Д.Дэвисийг өнгөрсөн онд саатуулан шалгаж эхэлсэн билээ. Хэрэг гарах үед Калифорнийн дээрэмчдийн бүлгийн толгойлогч байсан Д.Дэвис 2018 онд энэ хэргийн талаар хийсэн баримтат кинонд оролцохдоо, буудалцаан болоход уг машин дотор байснаа анх удаа хүлээн зөвшөөрсөн юм. Мөн машин дотор ямар хүмүүс байсныг хэлсэн боловч Т.Шакурыг хэн буудсан болохыг огт хэлээгүй билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: GLOBAL LOOK PRESS
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







