Бэйсболын спортын бичигдээгүй хуулийг үл тоомсорлосон эмэгтэйг олноороо буруутгав

Бэйсболын спортын бичигдээгүй хуулийг үл тоомсорлосон эмэгтэйг олноороо буруутгав


   Бэйсболын спортод бичигдээгүй хууль болсон нэгэн сонирхолтой журам байдаг. Энэ нь үзэгчид бэйсболын талбайгаас гарсан бөмбөгийг барьж авсан хүн ойролцоо байгаа хүүхдэд өгөх ёстой бөгөөд энэ нь өсвөр насны хүүхдэд хүндлэл үзүүлж, хүүхдийг баярлуулж буй нэг төрлийн соёл юм. Гэтэл саяхан үүнийг үл тоомсорлож бүдүүлэг авирласан нэгэн явдал гарсан нь хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байна. Өнгөрсөн 6-ны өдөр АНУ-ын Флорида мужийн Майами хотод “Philadelphia Phillies” болон “Miami Marlins” багуудын хооронд болсон тоглолтын үеэр талбайгаас гарсан бөмбөгийг авах гэж хүмүүс дайран өрсөлдөхөд Дрю Фелвелл гэгч эрд аз таарч бөмбөгийг барьж аван суудалдаа эргэж ирээд тэр өдөр төрсөн өдөр нь тохиож байсан хүү Линкольндоо өгчээ. Гэтэл “Philadelphia Phillies” багийн хөгжөөн дэмжигчийн хувцас өмссөн дунд эргэм насны эмэгтэй хүрч ирээд "Чи миний бөмбөгийг булааж авсан" хэмээн дайрч хэрүүл үүсгэсэн тул хүүгийн аав аргагүйн эрхэнд бөмбөгийг өгч явуулсан байна. Энэ нь цэнгэлдэх хүрээлэнгийн том дэлгэцэнд шууд харагджээ. Үүнийг харсан “Miami Marlins” багийн тамирчид хүүгээс уучлалт гуйж, бөмбөгөө алдсандаа гомдсон Линкольнд багийнхаа нэрийн өмнөөс бэлэг өгсөн байна. Мөн “Philadelphia Phillies” багийнхан тоглолтын дараа хүүг хувцас солих өрөөнд урьж ярилцаад бэйсболын цохиур бэлэглэжээ. Төрсөн өдрөөрөө тэмцээн үзэхээр ирсэн хүүд энэ нь мартагдашгүй сайхан дурсамж болов. Тэдний гэрийнхэн болсон үйл явдлын талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж, гэрэл зургаа нийтэлжээ. Үйл явдал ингээд дууссангүй. Хөгжөөн дэмжигчид хүүгийн бөмбөгийг булааж авсан цагаан үстэй эмэгтэйг маш ихээр шүүмжилж, түүнийг "Филлис Карен" гэж нэрлэсэн бөгөөд энэ нь олон нийтийн газар бүдүүлэг авир гаргадаг дунд насны цагаан арьст эмэгтэйчүүдийг шившиглэсэн нэр томъёо ажээ. Тоглолтыг дамжуулж байсан NBC телевиз уг эмэгтэйг буруушааж “Fox News” энэ үйл явдлыг нэвтрүүлгээрээ онцолсон байна. Улмаар дуулиан даамжирч уг эмэгтэйн ажлын газрыг хүртэл зарлахад түүний ажиллаж байсан гэх сургуулиас “Энэ эмэгтэй манай сургуульд ажилладаггүй” гэсэн мэдэгдэл хийжээ. Эцэст нь Линкольн хүүгийн аав ээж хоёр цахим хэрэглэгчдэд хандан, уг эмэгтэй рүү хийж буй дайралтаа зогсоохыг уриалсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.