Хятад: Жуулчид ганцхан минутад багтааж гэрэл зураг авах цагийн хязгаар тогтоов

Хятад: Жуулчид ганцхан минутад багтааж гэрэл зураг авах цагийн хязгаар тогтоов


   Хятадын аялал жуулчлалын зарим алдартай газар жуулчдын гэрэл зураг авах хугацааг нэг минутаар хязгаарласан байна. “Тhe South China Morning Post” сонины мэдээлснээр, Жянши мужийн Хуанлин хотын аялал жуулчлалын газар өнгөрөгч сараас эхлэн жуулчид ганцхан минутад амжиж гэрэл зураг авч болох журам тогтоожээ. Үзэсгэлэнт байгаль, түүхэн барилга байгууламж, уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ алдартай тус нутгийн байгаль сүүлийн үед жуулчдын аялах дуртай газар болоод байгаа юм. Тайлбарлагч ажилтнууд цаг хэмжигч бариад жуулчдыг нэгэн зэрэг, ганцхан минутын хугацаанд гэрэл зураг авахыг сануулдаг бөгөөд цаг дуусмагц дараагийн үйлчлүүлэгчид байраа тавьж өгөхийг сануулдаг байна. Хуанлин хотын аялал жуулчлалын төвөөс энэ талаар тодруулахад "Сүүлийн үед манай нутаг олны танил болсоноор жуулчдын хөл хөдөлгөөн ихсэж, нэг газарт хэтэрхий их бөөгнөрөл үүсгэх болсон тул ийм журам нэвтрүүлсэн" гэж тайлбарлажээ. Харин хүн цөөтэй үед дээрх журам үйлчлэхгүй гэдгийг дурдсан байна. Энэ журамд жуулчид, аялагчид ч сэтгэл хангалуун байна. Нэгэн аялагч хэлэхдээ "Гэрэл зураг авахад цагийн хязгаар тогтоож, хаана зураг авч болохыг санал болгож буй нь зөв. Тэгэхгүй бол зөвхөн зураг дарах гэж бөөн дараалал үүсдэг байсан” гэжээ. Цахим хэрэглэгчид ч үүнийг дэмжиж байна. Хаа ч явсан хүний хөл тасардаггүй Хятад улсад хүмүүс зураг дарах гэж тодорхой орон зайг удаан хугацаагаар ганцаар эзэлдэг байдал хүмүүсийг ихээхэн бухимдуулдаг байжээ. Энэ журмыг бусад нутагт мөн хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тухайлбал Шаньдун мужийн Янтай хотын ойролцоох Лонгжу Хуашань цэцэрлэгт хүрээлэнд зураг авах цагийг 30 секундээр хязгаарласан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.