Хар дансыг орлох зээлийн онооны систем өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Хар дансыг орлох зээлийн онооны систем өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ


   Банк, санхүүгийн байгууллагууд өнөөдрөөс иргэн, аж ахуйн нэгжийн зээлжих чадавхыг онооны системээр дүгнэж эхэллээ. УИХ-аас энэ оны тавдугаар сард Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэн, компаниудын зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж оронд нь олон улсын стандартын дагуу онооны системд шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Хууль хэрэгжүүлэх хүрээнд энэ сарын 1-нд Монголбанк холбогдох журмыг гаргаж баталсан юм. Энэ журмаар зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй найдваргүй зээлийн ангилалд буй бүх мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй. Мөн тухайн иргэн зээлээ төлж чадахгүйд хүрч, оноогоо бууруулсан ч, эргээд зээлээ төлж эхлэх тохиолдолд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж хэвийн түвшинд хүртэл ахих боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, зээлээ цаг хугацаанд нь төлөөд явсан иргэн, байгууллагын зээлийн оноо нэмэгдэж, дахин өөр зээл авахад эерэг үзүүлэлт болох юм. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө зээлийн муу түүхтэй болсон тохиолдолд зургаан жилийн хугацаанд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж хязгаарлагддаг байсан билээ. Хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр зээлийн хүү буурах, зээлдэгчийн хар жагсаалтыг хэрэгсэхгүй болох, зээлийн уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүү, эдийн засгийн таатай боломж бий болно.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.