Финланд: Парламентын гишүүн эмэгтэй залуу насандаа биеэ үнэлдэг байснаа дэлгэв
Финландын парламентын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон, эдүгээ 48 настай Анна Контула хэмээх эмэгтэй амьдралаа залгуулахын тулд 16 настайгаасаа биеэ үнэлж байснаа хүлээсэн байна. Дэвшилтэт зүүний холбооны намын гишүүн тэрбээр оюутан байхдаа сонины зарын дагуу хоёр жил орчим биеэ үнэлж, гэрлэснийхээ дараа хэсэг хугацаанд энгийн тайван амьдарсан ч нөхрөөсөө салснаар дахин биеэ үнэлэх болж, улс төрд орох хүртлээ энэ ажлаа үргэлжлүүлсэн гэдгээ илэн далангүй ярьсан байна. Тус улсад биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрдөг. Харин 18 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол эрүүгийн хариуцлага хүлээх заалттай ажээ. Гэсэн хэдий ч тухайн үед 16 настай хүүхэдтэй тохиролцсоны үндсэн дээр харилцаанд орохыг зөвшөөрдөг байсан аж. А.Контула "Би амьдралаа залгуулах гэж биеэ үнэлсэн. Үүнээсээ ичдэггүй” гэжээ. "Финландын биеэ үнэлэлтийн байдал" сэдвээр социологийн ухааны докторын зэрэг хамгаалсан тэрбээр судлаач хүний хувьд биеэ үнэлэлтийг гэмт хэрэг, ёс суртахууны асуудал биш, харин нийгмийн бүтцэд байгаа хөдөлмөрийн нэг хэлбэр гэж үзэх ёстой гэсэн байна. Харин нэгэн хуульч үүнийг эрс шүүмжилж “Helsingin Sanomat” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ "А.Контула биеэ үнэлэлтийг зүгээр нэг ажил мэргэжил мэт ярьж байгаа нь нийгэмд буруу үлгэр болж байна. Биеэ үнэлэх явдлыг чөлөөтэй болгосноор нийгэм илүү сайн сайхан болно гэж байхгүй” гэжээ. А.Контула энэ удаагийн бүрэн эрхээ дуусгаад улс төрөөс зодог тайлна гэдгээ мэдэгджээ. Түүний ийнхүү өөрийгөө илэн далангүй илчилсэн явдал нь Финланд дахь биеэ үнэлэлт, биеэ үнэлэлтийн бодлогын талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнөхөд түлхэц болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







