Бразилын гудамжинд Америкийн далбаа яагаад мандав?
Бразилын консерватив үзэлтнүүд тусгаар тогтнолын өдрөө тохиолдуулан томоохон жагсаал зохион байгуулах үеэрээ Америкийн аварга том далбааг гэнэт мандуулсан байна. Америкийн төрийн далбаа Бразилын баруун жигүүрийнхний бэлгэдэл болсны учир юу байв? Тодруулбал өнгөрсөн 7-ны өдөр Сан Паулугийн гудамжинд болсон жагсаалын үеэр жагсагчид сагсан бөмбөгийн талбайн хэмжээтэй Америкийн далбааг мандуулжээ. Бразилын төрийн далбааны шар, ногоон өнгийн хувцас өмсөж, Америкийн далбаа мандуулсан олон мянган жагсагчдын зураг олон нийтийн сүлжээгээр маш хурдан тарж, өдөр тутмын “O Estado de S.Paulo” сонины тэргүүн нүүрэнд гарсан байна. Жагсагчид энэ үйлдлээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад талархал илэрхийлж байгаагаар тайлбарлажээ. Өмнө нь Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонаро төрийн эргэлт хийхээр оролдсон гэх хэрэгт яллагдагчаар татагдах үед Д.Трамп хөндлөнгөөс оролцож, түүнийг суллахыг шаардан Бразилын бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулж байсан юм. Хатуу барууны үзэл баримтлалтай Ж.Болсонарог "Бразил Трамп" гэж нэрлэдэг аж. Ийнхүү гудамжиндаа Америкийн далбаа мандуулсан нь зарим талаар ихээхэн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулаад байна. Зүүн жигүүрийн хууль тогтоогчид үүнийг эсэргүүцэж, улс төрд гадаадын хөндлөнгийн оролцоог хориглосон хуулийг сануулжээ. Улмаар тэд цагдаад хандаж энэ асуудлыг шалгаж үзэхийг шаардсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







