В.Хачатурян: Армени улс Оросын дүү байхаа больсон

В.Хачатурян: Армени улс Оросын дүү байхаа больсон


   “Армени улс Оростой ах дүүгийн харилцаатай байхаа больсон” гэж тус улсын ерөнхийлөгч Ваагн Хачатурян RTVI телевизэд өчигдөр өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэлээ. “Нэг нь ах, нөгөө нь дүү гэдэг харилцаа одоо байхгүй. Түншийн харилцаа л гэж бий. Бодит байдал дээр бидний сүүлийн дөрвөн жилд хүрсэн үр дүн энэ” хэмээн тэрбээр хэлжээ. Ереваны бие даасан шийдвэрийг Оросын тал хүндэтгэн үздэг байгаасай хэмээн Армени улс найдаж байгааг тэрбээр мөн тэмдэглэсэн байна. Хэнтэй худалдаа хийх, ажил хэргийн холбоо тогтоох, дипломат харилцаатай байхаа Арменийн Засгийн газар ард иргэдийнхээ ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр өөрөө тодорхойлдог байх ёстой гэж үздэгээ В.Хачатурян илэрхийлжээ. Армени улс Оросоос эдийн засгийн хамааралтай гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ “ОХУ-ын эдийн засаг ч мөн Армени улсаас тодорхой хэмжээгээр хамааралтай” хэмээгээд, Арменийн эдийн засаг олон тулгууртай, Евроазийн эдийн засгийн холбоо, Европын холбооны аль алинтай түншийн харилцаатай гэдгийг тэмдэглэсэн байна.

   Хэд хоногийн өмнө ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Алексей Оверчук Арменийг нэг бол Евроазийн эдийн засгийн холбоо, эсвэл Европын холбоог сонгох хэрэгтэй хэмээн хэлсэн бөгөөд В.Хачатурян энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Армени улс энэ хоёр талын алинтай нь ч түншилсэн бай маргаан үүсэх, хамтын ажиллагааны нөхцөл зөрчигдөх явдал байхгүй” гэжээ. Түүний хэлснээр дээрх түншлэл нь эдийн засгаа олон тулгууртай байлгах Ереваны зарчимд бүрэн нийцэж байгаа аж. А.Оверчукийн мэдэгдсэнээр, Москва Арменийн алхмыг Европын холбоонд элсэх, улмаар Евроазийн эдийн засгийн холбооноос гарах үйл явцынх нь эхлэл хэмээн дүгнэсэн байна. Европын холбоо Арменийг өөртөө элсэхийг одоогоор уриагүй боловч тус улсын парламент улс орноо Европын холбоонд элсүүлэх үйл явцыг саяхан хуульчилсан юм.  

Зураг дээр: Арменийн ерөнхийлөгч Ваагн Хачатурян. Эх сурвалж: life,ru


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.