Алла Пугачева: Ард түмнээ харахаар элэг эмтэрдэг

Алла Пугачева: Ард түмнээ харахаар элэг эмтэрдэг


Оросын сэтгүүлч Катерина Гордеева дуучин Алла Пугачевагаас ярилцлага авсан нь өчигдрөөс эхлэн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. Украины дайныг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн түүний нөхөр Максим Галкиныг ОХУ-ын Хууль зүйн яам “Гадаад улсын төлөөний этгээд” хэмээн зарласан билээ. Тэд хүүхдүүдийн хамтаар 2022 оноос хойш Израиль улсад амьдарч буй. А.Пугачева сүүлийн долоон жил хэвлэлд ярилцлага өгөөгүй юм. 3 цаг 38 минут үргэлжилсэн уг ярилцлагын зарим хэсгийг тоймлон уншигчдадаа толилуулж байна.      

 Оросоос явсан тухай

   2022 оны хоёрдугаар сард Максим гадаадад яваад би үлдчихсэн байлаа. Тэгтэл Израиль явж эмчилгээ хийлгэх шаардлага гарсан. Ингээд явлаа, явсан маань ч оносон. Яагаад гэвэл намайг эмчилж чадах эмч тэнд байв. Тэгээд эмчилсэн, амийг минь аварсан. Явахад харин юу болсон гээч, бөөн юм! Тэр нэг ламбугай (Үнэн алдартны шашны санваартан, Москвагийн нэгэн сүмийн ловон лам, телевизийн хөтлөгч Андрей Ткачевыг хэлж байна. duuren.life) “Бурханы аврал! Оросын агаар ариуслаа! Авгай зайлж амарлаа!” гэж байв. Би бол явъя ч гэж явсан юм биш. Украины дайныг эсэргүүцлээ гэж бөөн юм болсон оо доо? Хэлэх хэлэхгүйгээр хэлсэн. Хүмүүс элдвээр хэлээд ирэхээр хүн чинь юм юм л боддог юм билээ. “Явдаг ч юм уу” гэхчлэн. Макс бол дайны талаар хэлдгээ хэлчихсэн байсан үе. Ингээд байж байтал найзууд маань “Чамтай хүн уулзъя гэж байна” гэлээ. Тэр нь Кириенко (Сергей Кириенко. 1998 онд ОХУ-ын ерөнхий сайд байсан) байж. Түүнийг би танина, сайн хүн гэж боддог. “Тэвдэж явахад тэвнээр тусална гэж, хэрэгтэй юм хэлж магадгүй” гэж бодоод уулзлаа. “Юу болохгүй байна?” гэж асууж байна. Намайг хүн юу ч гэсэн би тоохгүй байж чадна, чихнийхээ хажуугаар юуг ч өнгөрөөнө. Харин гэр бүл, үр хүүхдүүдийн минь талаар амандаа орсноо бурж, дайрч давшилж байгааг бол би тэвчихгүй. Ийм дур зоргын юм байж болохгүй. Энийгээ л хэллээ. Гадагшаа явах үгүйг маань асууж байна. “Би яваад яах вэ дээ” гэлээ. Ширээн дээр нь Максын юу ярьж хэлсэн талаарх бүх материал овоолгоотой байх юм. Тэгээд “Нөхөр тань бол хамаагүй ээ, сэтгэл хөдлөл ихтэй хүн, жүжигчин хүн. Та тэрнээс болж цухалдаад яана” гэж байна. Тэгэхээр нь би “Энэ улсад үг хэлэх эрх чөлөө гэж байхгүй болсонд та харин санаа зовохгүй байна уу?” гэлээ. “Зүгээр дээ, болох байлгүй дээ” гэнэ. Гэхдээ мань хүн нэг л дүлэгнээд байна, би тэрийг нь мэдрэлгүй яахав. Тэгээд л гараад ирсэн. “За баяртай, Серёжа минь” гэлээ, бүр тэвэрч авч үнслээ. Дахиад уулзахгүй минь тодорхой. Мань хүн “Санаа зоволтгүй, тайван сайхан байж бай. Учрыг нь олно, зохицуулна. Бид чинь таныг гэхгүй бол хэнийг гэх вэ” гээд л үлдсэн. Хоёр өдрийн дараа нөхрийг маань гадаад улсын төлөөний этгээдээр (Гадаад улсаас санхүүгийн болон бусад дэмжлэг авдаг, тэдний тусын тулд үйлчилдэг гэж үзсэн иргэдийг ОХУ-ын Хууль зүйн яамнаас хамааруулдаг ангилал. Оросоор иностранный агент) зарласан даа.

   Түүнтэй уулз гэж уулзуулсан найзууд маань намайг баахан тайвшрууллаа. Гэхдээ би тайвширч чадсангүй. Гон бие, гозон толгой бол хамаа алга. Хүүхдүүдийг маань сургууль дээр нь гоочилж эхэллээ. Урвагчийн хүүхэд л гэнэ, аав нь гадаадын тагнуул л гэнэ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв, хөнжил пүүгээгээ боолоо. Аав руугаа утастлаа. “Очлоо шүү” гэж. Хэдэн мөнгө авлаа, авч гарахыг зөвшөөрдөг хэмжээ нь угаасаа 30 мянган доллар. Ингээд л Израиль руу явсан даа.                  

Максим Галкинтай гэрлэсэн тухай

   Аз жаргал гэж энийг л хэлнэ. Бүр ярихад ч үг олдохгүй. Намайг хайрлах, үр хүүхдүүдээ хайрлах, намайг алган дээрээ бөмбөрүүлэх ер бусын авьяастай хүн шүү дээ. Би өмнө нь хэд хэдэн удаа гэр бүл зохиож байсан хүн...

   Би бол зүгээр л дурлачихсан байхгүй юу. Олон жил хайсан хүнээ олсноо ойлгосон. Тэр маань ч ойлгосон. Яаж ингэж бүх юман дээр таараад байгаагаа би өөрөө ч гайхдаг байлаа, бүр нэг тийм хачирхалтай. Нэг нь эрт, нөгөө нь арай хожуу л болохоос биш бид хоёр жирийн л айлд өссөн боловч, авсан хүмүүжил, ёс суртахуун, юманд ханддаг хандлага маань яг адилхан юм билээ. Гэр бүлийн аз жаргал гэдэг бэлгийн харилцаа энэ тэр төдийд биш, бие биенээ ойлгох, дэмжих, нөхөхөд байдаг.     

Өмнөх амьдралынхаа тухай

   Сайн хань гэдгийг би хоёр удаа үзсэн хүн. Эхнийх нь Миколас. (1969 онд буюу 20 настайдаа гэрлэсэн латви үндэстэн Миколас Орбакасыг хэлж байна. Тэд хоёр жил амьдраад салсан. Охин нь дуучин Кристина Орбакайте) Сүүлийнх нь Макс. Дунд нь байсан гурав бол найз нөхөд бие биедээ тусалсан явдал байжээ. Стефановичийн (1977-1981 онд амьдарч байсан хоёр дахь нөхөр, кино найруулагч Александр Стефанович) хувьд гэвэл мань хүн Москвад оршин суух хаягтай байхын тулд энд бүртгэлтэй хүнтэй суух хэрэгтэй байсан юм. Болдин (Гурав дахь нөхөр нь болох Евгений Болдин. Уран сайхны удирдагч) бол үнэхээр сэтгэл татсан сайхан эр байсан. Гэхдээ тэр бол хайр биш, бид бие биедээ огт таарахгүй тийм өөр хоёр хүн байлаа. Мань хүнийг гадаадад явуулахгүй байхаар нь хоёулаа районы намын хороон дээр очиж учрыг асуусан чинь “Та хоёр албан ёсоор гэрлээгүй мөртлөө яваад байдаг. Үүгээрээ бусдад муу үлгэр жишээ үзүүлж байна” гэв. Тэгэхээр нь шууд очоод гэрлэлтээ бүртгүүлчихсэн юм. Гурав дахийн хувьд...

- Тантай анх танилцсан маань энэ гурав дахь хүнтэй шууд холбоотой, тийм биз? Олон жилийн өмнө, бага залуу байхдаа танаас ярилцлага авахад “Филиппийн талаар юм асуугаач” гэж билээ. Би баахан сандраад “Та яагаад түүнтэй гэрлэсэн юм бэ?” гээд асуучихсан. Филипп Киркоровтой сууна гэдэг бол нэлээн аргаа барсан хүний ажил гэж би бодсон юм л даа.     

- Угтаа бол тийм. Ингэхээс аргагүй байсан юм. Ээж маань амьд сэрүүндээ “Миний охин энэ муу Филиппт л туслаарай” гэж захидаг байлаа. Түүний эмээ, ээжтэй минь их найз байсан. Тэгээд надад “Хүүд минь л тусалдаг юм шүү” гэдэг байв.

- Хүний тусаар тийм их дутсан хүн үү?

- Энийг ярина гэвэл хүүхэд байхынх нь юмыг ярина л даа. Би ээжийг нь танина. Аавд нь бол дургүй. Ээж бол агуу хүн байсан. Хүүдээ бүр нэг хэрээс хэтэрсэн их хайртай, хүн ойлгоход хэцүү. Хорт хавдар тусчихсан байхдаа намайг очихоор, кассет тавиад хүүгийнхээ дууг сонсгоно. Нэг тийм цоохор өмд мөмдний тухай дуулсан дуу. Тэгээд “Ийм юм дуулаад яаж дуучин болох вэ. Энэ хүүхдийг чи л нэг залж өг. Зааж зурж өг” гэж гуйна. Өнөө маргаашгүй болчихсон байхдаа надад хэлсэн юм. “Миний хүүг л битгий орхиорой. Тусалж үзээрэй. Эхийн оронд эх нь болоорой” гэж. Энийг одоо дурсахад хүнд байдаг. Мэс засалд орох гээд түргэнээр явахад нь би хамт байсан. Сүүлийн удаа намайг харсан тэр харц бол хэцүү. Тэгээд би тэр хүүд тусалья гэж шийдсэн юм. Гурван жилийн дотор л гаргаад ирье гэж дотроо бодсон доо.             

- Гэхдээ гэрлэдэг нь илүү биш үү?

- Өөр яах юм тэгээд? “Пугачева энэ хоёр учиртай юм гэнэ” гэж хүмүүс яривал дорхноо олны танил болно. Ядарсан арга л даа, гэхдээ тухайн үедээ бол хэргээ маш сайн өгсөн. Мань хүн надад гомдох юм байхгүй, би тэрэнд өгч чадах бүх юмаа өгсөн, ёстой хамаг байдгаа шавхсан гэж болно.  

- Харин Филипп?    

- Бүү мэд, КВН энэ тэрээр намайгаа шоглоод байсан уу, үгүй юу? Гэхдээ яг нарийндаа бол талархаж явдаг байх аа, би л тэгж ойлгосон. Эсвэл үгүй юм уу?  

Ельцин, Горбачевын тухай

   Ельцинийг буусан хойно нь Игорь Крутой (хөгжмийн зохиолч, продюсер, алдартай олон дууны ая зохиосон) бид хэд нэг очсон юм. Уулзаад, юуг нь нуухав, сүрхий ууцгаасан. “Ёстой янзын эр байна!” гэж Крутой уулга алдаад байж билээ. Янзын нь ч яахав, тийм л байдаг байж. Гэхдээ хаан байсан хүн. Хаан хүн алдахдаа алдана. Зарим нь алдсанаа ухаарна, зарим нь ухаарахгүй өнгөрнө. Алдаагаа хүлээн зөвшөөрөх эр зоригтой хүн байхад, тэгж гэмшиж чадахгүй хүн ч байдаг.      

   Горбачев бас хүн л юм болохоор алдаж байсан. Гэхдээ алдаагаа эргэцүүлж “Энэ буруу” гэж хэлж байсан хүн. Яахав, нэг тийм онцгой, уулыг нурааж, усыг эргүүлэх чадвар тэр хүнд дутсан байж магадгүй. Гэхдээ энэ ард түмнийг амар тайван, аз жаргалтай болгох гэж үнэнхүү чармайсан хүн. Гэхдээ чадаагүй, нэг юм нь л болоогүй, яг юу нь юм, мэдэхгүй. Түүний үед бид баяр хөөртэй, урам зоригтой байсан нь бол үнэн шүү.    

Путины тухай

   Путин тэнэг хүн биш. Тийм болохоор нь түүний талаар би их бодсон, хүнийг нь мэдэхээ бас мэднэ. Мань хүнийг гарч ирэхэд миний магнай тэнийж байв. “Тийм байлгүй дээ!” л гэж бодож байлаа. Дэмжиж, хүмүүсийг уриалж, ухуулж явлаа. Үнэхээрийн зөв зөв юм ярьж гарч ирсэн. Украины тухайд хүртэл. Миний яг бодож, хүсч явсныг ярьж байсныг яана!    

- Тэгээд явцын дунд таны урам хугарсан байх нь ээ?

- “Курск”-ийг живэхэд (Цөмийн хөдөлгүүрт “Курск” шумбагч онгоц 2000 онд Баренцийн тэнгист живж, багийн 118 гишүүн бүгд амь үрэгдсэн) би нэг их гайхсан юм. Мань хүн тэгэхэд Сочид байсан, тэндээсээ юу юугүй хүрч ирээд, энэ цочирдсон олон түмнийг тайвшруулах үг хэлэх байх гэж бодсон, тэгээгүй. Энэ мэтийн юм хүний урмыг үнэхээр хугалдаг юм байна. Ийм юм дахин дахин давтагдахаар хүн яах вэ, нүүрээ буруулна биз дээ? Нуруугаа авхуулсан, нүүрээ нэг буруулсан хүн эргэдэггүй. Хүсэх ч юм биш.       

Шүтэн бишрэгчдэдээ хэлэх нь  

   Надад аз жаргал хайрласан та нартаа баярлалаа. Энэ олон жил намайг хайрлаж, дэмжиж ирсэнд баярлалаа, хагас зуун гэдэг бага хугацаа биш. Одоо ч надтай хамт байгаад тань баярлалаа.  

   Надад хүнд байна. Эдэндээ би үнэхээр хайртай. (Нулимсаа барив. К.Г) Үнэхээр хайрладаг, үнэхээр сэтгэл өвддөг. Элэг эмтэрдэг, яаж амьдарч байгааг нь хараад. Амьдрал сайхан байна гэж эдний маань чихэн дээр цэцэг ургуулна, тэгэхээр нь баярлаад л, бахархаад л явчихна. Түүхээ мэдэхгүй, тэгсэн мөртлөө түүхээрээ бахархана гэж тоймгүй. Энэ улсад анагаах ухаан, эмнэлэг ямар аймшигтай байгааг мэдэхгүй, хий л бахархаад байна. Сайн сайхан гэж байгаа бүхэн нь нүд хуурсан юм, энийг нь мэдэхгүй бахархаад л, уухайлаад байгаа нь үнэнхүү гашуун.

   Та нар минь үнэнийг хэлж сураач. Нинжин сэтгэлд, гоо сайханд, юмны аль сайнд тэмүүлж сураач. Устгаж үгүй хийдэг биш, бүтээж бий болгодог болооч. Дайнд хөөрөх биш амар тайвны төлөө залбираач. Хүнийг мэдэхгүй байж муу хэлдэг, ерөөсөө юмны аль мууг бясалгадаг битгий байгаач.  

   Зөвлөлтийн үеийн онигоо байдаг, өнөөдрийн юм биш шүү. Орон даяар зар тараажээ. “Өглөөний арван цагт бүгд Улаан талбайд цугла” гэж. “Цуглаад яах вэ?” гэж асуусан чинь “Бүгдийг нь дүүжилнэ. Асуулт байна уу?” гэв. “Байна аа. Дүүжлүүрийн олсоо өөрсдөө авч ирэх үү, эсвэл цаанаас нь тавьж өгөх үү?”  

   Миний эх орны өнөөдрийн байдал ердөө энэ. Ийм л хүлцэнгүй ард түмэн. Юуг ч хүлцэж, тэвчиж чадна.  

Гэрэл зураг: "Скажи Гордеевой" нэвтрүүлэг / YouTube

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.