Бразилын ерөнхийлөгч асанд 27 жилийн хорих ял оноов
Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд тус улсын Дээд шүүх 27 жил, гурван сар хорих ял оноосон талаар CNN агентлаг мэдээллээ. Ж.Болсонару нь 2019-2023 онд ерөнхийлөгчийн алба хашиж байсан бөгөөд 2023 оны нэгдүгээр сард болсон бүх нийтийн сонгуульд ялагдан албан тушаалаа өгсний дараа дэмжигчид нь Дээд шүүх, ерөнхийлөгчийн өргөө, парламентын байрыг дайрч, түүнийг хуучин албан тушаалд нь эргүүлэн тавихыг оролдсон юм. Шинэ ерөнхийлөгч Лула Да Сильва үүнийг төрийн эргэлт хийх оролдлого хэмээн үзэж нийслэлд цэрэг оруулснаар бослого дарагдсан бөгөөд шүүх Ж.Болсонаругийн эсрэг хэрэг үүсгэсэн билээ. Хоёр жил үргэлжилсэн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн эцэст түүнийг төрийн эргэлт хийхийг завдсан, ардчилсан тогтолцоог устгахыг оролдсон, гэмт хэргийн зэвсэгт бүлэг байгуулсан, төрийн өмчид халдсан хэрэгт буруутай хэмээн прокурорын төлөвлөсөн ялыг Дээд шүүхийн тэргүүн танхимын таван гишүүний дөрөв нь санал нэгджээ. Эдүгээ 70 настай Ж.Болсонару ийнхүү Бразил улсын түүхэнд, эрүүгийн хэрэгт яллагдсан анхны ерөнхийлөгч болж байна.
AP Photo / Alex Brandon
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







