Францын шинэ ерөнхий сайд өмнөх Засгийн газрын зарим шийдвэрийг цуцлав

Францын шинэ ерөнхий сайд өмнөх Засгийн газрын зарим шийдвэрийг цуцлав


   Францын шинэ ерөнхий сайд Себастьян Лөкорню төсвийн алдагдлыг бууруулах үүднээс бүх нийтийн амралтын хоёр өдрийг цуцлахаар болоод байсан өмнөх ерөнхий сайдын шийдвэрийг хүчингүй болгов. Хэмнэлтийн төсвийг эсэргүүцсэн жагсаал Франц даяар үргэлжилсээр байгаа энэ үед энэ нь олон нийтийн сэтгэл санааг тайвшруулах гэсэн оролдлого гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. С.Лөкорню хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ажилчдыг хамгаалах хэрэгтэй байна. Хэмнэлтийн төсвийг бүх нийтийн амралтын өдрийг цуцлахаас бусад аргаар баталгаажуулна" гэжээ. Тэрбээр зарим төрийн байгууллагуудыг нэгтгэх, орон нутгийн засаг захиргааны төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн тулд төвлөрлийг сааруулах, өмнө нь өндөр алба хашиж байсан хүмүүсийн давуу эрхийг цуцлах зэрэг өөр хувилбаруудыг санал болгож "Энэ нь илүү үр дүнтэй шинэчлэл байх болно" гэж мэдэгджээ. Ерөнхий сайд асан Ф.Байру өнгөрсөн долоодугаар сард ирэх оны төсвөө зарласан бөгөөд үүнд тэтгэвэр, нийгмийн даатгалын төрөл бүрийн тэтгэмжийг царцаах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамрах хүрээг бууруулах, Улаан өндөгний баяр болон Дэлхийн II дайны ялалтын баярыг нийтээр тэмдэглэх баярын жагсаалтаас хасах зэрэг арга хэмжээ авсан юм. Гэсэн хэдий ч ард иргэд түүний хэмнэлтийн бодлогыг эрс эсэргүүцэж "Баячуудаас авах татварыг нэмэгдүүлэхийн оронд ядуусыг золиосолсон” хэмээн шүүмжлэх болсон. Эцэст нь түүнд итгэл үзүүлэх асуудлаар явуулсан санал хураалтад олонхын санал авч чадалгүй огцорсон юм. Ф.Байругийн танхим огцорсон хэдий ч Францын олон нийт томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хэмнэлтийн бодлогоос бүрэн татгалзахыг шаардсан бөгөөд үүнээс үүдэн улс орон даяар авто болон төмөр замын хөдөлгөөн саатахад хүрээд байна. Харин шинээр томилогдсон ерөнхий сайд нөхцөл байдлыг намжааж, улс төрийн харилцан буулт хийх орон зайг эрэлхийлж байгааг “Le Monde” сонин онцолсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.