Баянхонгор: Жилдээ 2.4 тонн алт олборлох үйлдвэр ашиглалтад орлоо
Баянхонгор аймгийн Шинэжинст суман дахь Баян хөндийн алтны орд дахь аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Монгол улсын Эрдэнэсийн санд тушаасныг төсөл хэрэгжүүлэгч “Эрдэнэ Монгол” компани мэдээллээ. “Эрдэнэ Монгол” компанийг Монгол, Торонтогийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монголиан Майнинг Корпорэйшн” компани хамтран эзэмшдэг. Уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцээс бүрдсэн цогцолборын бүтээн байгуулалт 22 сарын турш үргэлжилж, ийнхүү төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж байна. Төслийн алтны нийт нөөц 513,700 унц буюу 14.5 тонн бөгөөд жил бүр ойролцоогоор 2.4 тонн алт олборлохоор төлөвлөж байгаа ажээ.
Уг ордыг "Эрдэнэ Монгол" ХХК 2015 онд илрүүлсэн бөгөөд ил аргаар ашиглах олборлолт, үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулах ажлыг 2023 онд эхлүүлсэн юм. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 100 шахам сая ам.долларын 40 саяыг “М-Си-Эс Групп”-ийн хөрөнгө оруулалттай “Монголиан Майнинг Корпорэйшн” компани санхүүжүүлсэн бөгөөд уг хоёр компани 2023 оны долоодугаар сард стратегийн түншлэл байгуулж “Эрдэнэ Монгол” хамтарсан компанийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлснээр “Эрдэнэ ресурс”-ын алт, алт-полиметаллын нийт дөрвөн ордыг 50:50 буюу хувь тэнцүү эзэмших болсон юм. Найман жил ажиллах шинэ төслөөс олборлосон алтыг Монголбанканд тушаах тул Монгол улсын гадаад валютын нөөцийг арвижуулахад ихээхэн тус нэмэр болох ажээ. Олон улсын зах зээлд алтны үнэ 2025 он гарсаар 40 орчим хувиар өсөж, түүхэн дээд үнэ шинэчлэгдсээр буй таатай үед энэ төсөл хэрэгжиж эхэлж байна. Төслийн үйл ажиллагаа жигдэрснээр олборлолт 2025 оны эцэс гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрэхийг MMC компани онцлон тэмдэглэжээ.
Гэрэл зураг: www.erdene.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







