Дуучин Алла Пугачевагаас 18 сая доллар нэхэмжилжээ
ОХУ-ын алдартай өмгөөлөгч Александр Трещёв дуучин Алла Пугачевагаас 1.5 тэрбум рубль буюу 18 сая доллар нэхэмжлэн шүүхэд хандсан талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ. Сэтгүүлч К.Гордеевад өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа А.Пугачева 1991-1996 онд Чечений ерөнхийлөгч байсан Жохар Дудаевын талаар сайшаасан өнгө аястай зүйл ярьсан төдийгүй түүний амь насыг хамгаалахын тулд юу ч хийж чадаагүйдээ харамсаж явдгаа хэлсэн нь Чечений дайнд оролцсон ахмад дайчдыг доромжилсон явдал хэмээн А.Трещёв үзжээ. Шүүх түүний нэхэмжлэлийг хангаж дуучнаас дээрх мөнгийг гаргуулбал өөртөө нэг рубль аваад, үлдсэн мөнгийг бүгдийг ахмад дайчдад олгохоо өмгөөлөгч мэдэгдсэн байна. Нэг тэрбум рубль нь өнөөдрийн ханшаар 43.4 тэрбум төгрөг юм.
Үүний өмнө Оросын театр, киноны нэртэй жүжигчин Яна Поплавская мөн А.Пугачеваг шүүмжилж “Ж.Дудаевыг сайшаах нь терроризмыг зөвтгөснөөс өөрцгүй хэрэг” хэмээн мэдэгдсэн юм. Мөн иймэрхүү үг яриа нь эрүүгийн гэмт хэргийн шинж агуулж байгаагийнхаа хувьд хуулийн хариуцлага хүлээлгэвэл зохих үйлдэл хэмээн хэлсэн билээ. Тэгвэл “Холбооны авлигатай тэмцэх, аюулгүй байдлын төсөл” төрийн бус байгууллагын тэргүүн Виталий Бородин, олон нийтийн өмнө А.Пугачева болон түүний нөхөр М.Галкин нарын ил тодоор хэлж ярьж буй зүйл эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсгэж байна хэмээн мэдэгдсэн юм. “Хуулийн мэдлэггүй байна гэдэг нь хариуцлагаас зайлсхийх боломж олгодоггүй. А.Пугачева болон гадаад улсын төлөөний этгээд М.Галкин нарын ярьж хэлж буй зүйлс хуулийн дагуу ийм хариуцлага хүлээх хэмжээнд ойртсоор байна” хэмээн тэрбээр хэлсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөд тарж Оросын олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан тэрхүү ярилцлагадаа А.Пугачева “Жохар Дудаевыг би таньдаг байсан. Маш зарчимтай, ёс жудагтай, сайхан хүн байлаа. Эхнэр нь ч мөн адил” хэмээн өгүүлсэн төдийгүй түүнийг амьд мэнд байлгахын төлөө юу ч хийж чадаагүйдээ харамсаж явдгаа хэлсэн билээ. Чечень үндэстэн, ЗХУ-ын нисэх хүчний хошууч генерал Ж.Дудаев нь Чеченийн бүгд найрамдах Ичкери улсын ерөнхийлөгчөөр 1991 онд сонгогдсон бөгөөд Оросын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнохын төлөө зэвсэгт тэмцэл өрнүүлж байгаад 1995 онд Кремлийн зохион байгуулсан тусгай ажиллагааны үр дүнд амиа алдсан юм.
Гэрэл зураг: www.life.ru
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







