Австри улс төвийг сахисан бодлогоороо нөлөөгөө бэхжүүлэхийг зорьж байна
Австри улс төвийг сахисан байр суурин дээрээ тулгуурлан олон улсын дипломат тавцан дахь нөлөөгөө өргөжүүлэхийг зорьж байна. 1955 онд тус улс бусад орнуудын дайнд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ тунхаглаж, хариуд нь аюулгүй байдлаа баталгаажуулж, байнгын төвийг сахисан байдлаа зарласнаар аливаа цэргийн эвсэлд нэгдэхгүй гэсэн санаагаа илэрхийлж, гадаадын цэргүүдийг байрлуулахыг хориглосон юм. “Bloomberg” агентлагт тус улсын Гадаад хэргийн сайд Биат Майнлейзер ярилцлага өгөхдөө "НАТО-гийн гишүүн биш байх нь үнэндээ давуу тал" гэж мэдэгдээд "Бид үргэлж яриа хэлэлцээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй" хэмээн онцолсон байна. Үүнийг тус улс гадаад орнуудын мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн мэдэгдэл гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард ажлаа авсан гурван намын эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайдын албан тушаал хаших болсон Б.Майнлейзер олон улсын дипломат харилцаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэхэд анхаарч байна. Зүүний үзэл баримтлалтай NEOS намын гишүүн тэрбээр Орос-Украины дайныг дуусгах хэлэлцээ хийх газраар Вена хотыг санал болгосны зэрэгцээ Австрид төвтэй Олон улсын цөмийн энергийн агентлаг болон Ираны хооронд цөмийн хэлэлцээ хийхийг уриалах зэрэг арга хэмжээ авч байсан юм. Тэрбээр Австри улс Хабсбургийн эзэнт гүрнээс хойш Европ дахь нөлөөгөө дайнаар биш, харин дипломат харилцаа, яриа хэлэлцээгээр дамжуулан өргөжүүлснийг тэмдэглэжээ. Үнэхээр ч Австри улсыг Хүйтэн дайны үед коммунист ЗХУ болон либерал Барууны орнуудыг холбосон гүүр болж байсан гэж үздэг. 1955 онд тус улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын томоохон байгууллагын төв байрыг өөрийн оронд байрлуулснаар эвсэлд үл нэгдэх цэргийн бодлогоо хадгалж, төвийг сахисан улсын байр сууриа бэхжүүлж ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







