Балбын шинэ ерөнхий сайд Сушила Карки гэж хэн бэ?

Балбын шинэ ерөнхий сайд Сушила Карки гэж хэн бэ?


   Өндөр албан тушаалтнуудын авлигыг эсэргүүцсэн жагсаал 70 гаруй хүний ​​аминд хүрч Засгийн газар огцорсноор шинээр томилогдсон Балбын ерөнхий сайд, эдүгээ 73 настай, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Сушила Карки Засгийн газрын анхны хуралдаанаа өчигдөр хийв. Хуралдааны эхэнд тэрбээр “Би ерөнхий сайдын суудлыг хүсээгүй. Харин залуусын дуу хоолой, хүсэлт шаардлагыг хүлээж авсан” гэжээ. Эсэргүүцлийн гол цөм болсон Z үеийнхэн шинэ үеийн залуу удирдагч биш, нас дээр гарсан туршлагатай хуульчийг сонгосон нь энэ бөгөөд жагсаалыг толгойлсон "Хами Непал" залуучуудын байгууллага "Шүүгч С.Карки бол бидний цорын ганц итгэл найдвар" гэсэн байр сууриа хадгалсан хэвээр байна. Парламентын засаглалтай Балба улсад ерөнхийлөгч нь бэлгэдлийн чанартай төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг бол ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд жинхэнэ эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Балбын залуучууд С.Каркиг сонгосны учир нь түүний дэвшүүлдэг уриа нь эсэргүүцлийн жагсаалын гол уриатай утга нэг, "Авлигатай тэмцэх", "Хууль дээдлэх" юм.

   Сушила Карки 1952 оны зургаадугаар сарын 7-нд Балбын Шанкарпур хотод долоон хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлжээ. Трибуваны их сургуульд суралцаж, улмаар 1972 онд Махендра Моранг коллежийг утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн байна. Дараа нь Энэтхэгт улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, 1975 онд Банарас Хинду их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй дүүргээд 1985 он хүртэл Махендра Моранг коллежид багшаар ажилласан байна. Тэрбээр 1990 онд Балбын авторитар хаант засаглалын эсрэг хөдөлгөөнд оролцож, үүнийхээ төлөө шоронд хоригдож байсан бөгөөд хожим энэ тухайгаа өгүүлсэн “Кара” роман бичсэн байна. Улмаар 2008 онд Балбын хуульчдын холбооны ахлах өмгөөлөгч болж, нэг жилийн дараа Дээд шүүхийн түр шүүгчээр томилогдоод удалгүй жинхэнэ шүүгч болжээ. 2016 онд тус улсын Дээд шүүхийн анхны эмэгтэй ерөнхий шүүгчээр томилогдсон бөгөөд тухайн үед авлигын эсрэг хатуу байр суурь баримталдаг гэдгээрээ алдаршиж байв. Тэрбээр 2017 оны зургаадугаар сард 65 нас хүрч тэтгэвэртээ гарсан аж. 2016 онд Дээд шүүхийн анхны эмэгтэй ерөнхий шүүгчээр томилогдсоныхоо дараа Засгийн газрыг дэмжигч хүнийг цагдаагийн даргаар томилох оролдлогыг эсэргүүцсэний улмаас ихээхэн дайралттай тулгарсан ч үзэл бодолдоо тууштай байж "Төмөр шүүгч" хоч авсан аж. Жагсагчид авлигад идэгдсэн төрийг удирдахад хувьсгалт гэхээсээ илүү төвийг сахисан сайн менежер хэрэгтэй гэж үзсэн бололтой. С.Карки ажлаа авсан даруйдаа парламентыг тарааж бүрэн эрхийн хугацаагаа ирэх оны гуравдугаар сард дуусгана гэдгийг мэдэгдсэн байна. Засгийн газрын анхны хуралдаан дээрээ тэрбээр жагсаалын хохирогчдын ар гэрийнхэнд 1 сая рупи (ойролцоогоор 25 сая орчим төгрөг) олгохоо амлав. Улмаар шинэ үеийнхний сэтгэлгээгээр ажиллах шаардлага урган гарч байгааг онцолсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.