Хятадын эрдэмтэд хугарсан ясыг нааж эдгээдэг цавуу бүтээжээ
Хятадын эрдэмтэд хугарсан ясыг наадаг эмнэлгийн цавуу бүтээжээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, Жэжяны их сургуулийн эмнэлгийн судалгааны багийн бүтээсэн ясны хугарал наах "Bone-02" цавууг эмнэлзүйн туршилтанд оруулсан бөгөөд 150 гаруй өвчтөнд туршихад маш сайн үр дүн гарсан болохыг хэлжээ. Багийн ахлагч, эмнэлгийн ортопедийн мэс засалч, профессор Фан Шунвугийн хэлснээр, тэрбээр 2016 онд далайн хясаанаас санаа авч судалгаагаа эхлүүлсэн бөгөөд усан дотор амьдардаг хясааны наалдамхай чанарт үндэслэн хүний биеийн чийглэг орчинд бэх бат чанараа хадгалах чадвартай наалдамхай бодис бүтээсэн нь энэхүү "Bone-02" ажээ. Судалгааны баг био хоруу чанар, цусан дахь наалдамхай чанар, хагалгааны хялбар байдал зэрэг сорилтуудыг шийдвэрлэхийн тулд найрлагад хэдэн арван удаа өөрчлөлт оруулж, харх, туулай, нохой зэрэг амьтан дээр олон зуун туршилтыг давтан хийсэн байна. Туршилтын үр дүнгээс харахад "Bone-02" нь 180 кг хүртэл жинг тэсвэрлэх наалдамхай, бат бөх чанартай болохоо харуулж, ясанд суулгадаг металл бэхэлгээг орлуулах боломжтой гэдгийг нотолжээ. Мөн хугарлын мэс засал хийж байх үед цус их алдсан ч ясыг 2-3 минутын дотор наадаг болохыг баталсан байна. Яс эдгэрснээр ойролцоогоор зургаан сарын дараа гэхэд цавуу хүний биед шингэж дахин мэс засал хийх шаардлагагүй болдог байна. Тухайлбал бугуйн яс нь хугарсан нэг өвчтөнг "Bone-02"-оор эмчлэхэд 2-3 см-ийн зүсэлт хийж, цавуугаар тарьж гурван минутын дотор хугарлыг тогтворжуулж чаджээ. Уламжлалт эмчилгээгээр бол ийм мэс заслын үед томоохон зүсэлт хийж, метал хавтан оруулан эрэгдэж боогоод жилийн дараа дахин мэс засал хийж боолтыг авдаг. "Bone-02"-ын хурдан наалддаг, хэрэглэхэд хялбар байдал нь дайн, гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэх зэрэг онцгой нөхцөл байдалд маш тустай болохыг мэргэжилтнүүд онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







