МАК компани Хятадын “Huawei”-тэй хамтран нарны цахилгаан станц байгуулна
МАК компани Цагаан суваргын зэс молибдений төслийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор БНХАУ-ын “Huawei”, HMN компанитай хамтран нарны цахилгаан станц байгуулахаар болсноо зарлалаа. Эдгээр компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан гэрээгээр шинэ цахилгаан станц нь 50 МВт багтаамжтай цэнэг хуримтлууртай, 17.2 МВт хүчин чадалтай байх ажээ. МАК компани мөн Төв, Дундговь аймагт байрлаж буй үйлдвэр, уурхайг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар ажиллаж буй бөгөөд эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нийт 94.3 ГВт.ц ногоон эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн ялгарлыг 91.6 мянган тонноор бууруулах юм. “Энэ нь жил бүр 787 мянган мод тарьсантай дүйцэх үр нөлөөг бий болгоно” хэмээн компанийн гаргасан албан ёсны мэдээнд дурджээ. 1.6 сая тонн зэс, 66 мянган тонн молибдений нөөц бүхий Цагаан суваргын ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 340 мянган тонн зэсийн, 7000 тонн молибдений баяжмал үйлдвэрлэх бөгөөд 1300-1500 шууд ажлын байр, шууд бусаар 5-7 мянган ажлын байр бий болно. Улмаар улс, орон нутгийн төсөвт жилдээ 150 сая ам.доллар буюу Монгол улсад нийт 4 тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого төвлөрүүлэх юм. Сонирхуулахад, МАК компани Увс аймагт баруун бүсийг гурил, тэжээлээр хангах гурил тэжээлийн үйлдвэр болон евро стандартын хөнгөн блокны үйлдвэр байгуулах төслөө өчигдөр олон нийтэд танилцуулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







