Японы үнэт эдлэл цуглуулагч "Чингис хаан" музейд илтгэл тавина
Японы үнэт эдлэл цуглуулагч, судлаач Казүми Арикава Монголд ирэхээр болжээ. Тэрбээр “Урлагийн бүтээлийн үнэ цэн ба нийгэмд үзүүлэх нөлөө" сэдвээр "Чингис хаан" үндэсний музей энэ сарын 20-ны 11:30 цагт илтгэл тавина. Мөн тэрбээр Японы уран бүтээлч, байгалийн чулууг нарийн боловсруулж, өнгө, гэрэл, орон зайн бололцоог ашиглан урлагийн бүтээл болгож үзүүлдэг Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцох ажээ. К.Арикава нь 40 гаруй жил үнэт эдлэл цуглуулж буй, Японы алдартай цуглуулагч бөгөөд үзэсгэлэн, лекц, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Albion Art Jewelry Institute”-ийн үүсгэн байгуулагч юм. Тус институт нь түүхийн өөр өөр цаг үед хамаарах 500 гаруй үнэт эдлэлийг эзэмшдэг, Японы хамгийн том хувийн цуглуулгын байгууллага ажээ. Тухайлбал, Оросын хатан хаан II Екатеринагийн биндэрьяа зүүлт, Их Британийн хатан хаан Викториагийн эдэлж байсан гоёл, Рене Лаликийн урласан бүтээлүүд зэрэг ховор нандин зүйлс түүний цуглуулгад бий. 2024 оны есдүгээр сард тэрбээр "Divine Jewels: The Pursuit of Beauty" нэртэй номоо гаргасан бөгөөд энэ номдоо цуглуулгынхаа 250 гол бүтээлийг танилцуулж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







