Ховд аймагт цагаан будаа тариалж байна
Ховд аймгийн Булган сумын 5.3 га талбайд “Жи Ай Эм И Икс” компани цагаан будаа туршилтаар тариалж байна. Компанийн захирал Ж.Ганхуяг 20-иод жилийн өмнөөс тутарга тариалах судалгаа хийсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас Өмнөд Солонгосын Хилийн чанад дахь хөдөө аж ахуйн хөтөлбөр “КОПИА Монгол” төвтэй хамтран туршилтаа эхлүүлсэн нь өнөөдөр амжилттай ургаж байна. Тариаланчид туршилтын талбайн нэг га газраас 6-8 тн цагаан будаа хурааж авахаар тооцоолсон бөгөөд энэ нь Өмнөд Солонгосын тариалангийн талбайн дундаж ургацтай тэнцэж буйг “КОПИА Монгол” төвийн захирал, цагаан будааны мэргэжилтэн У Мён Гюү Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ онцолсон байна. Тэрбээр “Солонгосын хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг туршиж үзсэний эцэст Монголд тохирох тутаргыг үр дүнтэй ургуулж чадлаа. Цагаан будааны тариалалтыг баталгаажуулснаар кластерийн системээр хөгжүүлэх боломжтой” хэмээн хэлжээ. Харин компанийн захирал Ж.Ганхуяг “Тутаргын тарилалтыг дагаад нуур цөөрөм, салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах нь эрс тэрс, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой. Монголд тохирсон цагаан будааны сортыг тариаланд нэвтрүүлснээр 68 мянган тонн цагаан будаа буюу 50 орчим сая долларын импортын хамаарлаас гарч, хөдөөгийн хөгжлийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг болно. Эцсийн дүнд нь монгол хүн баталгаатай, шинэ ургацын цагаан будаа идэх боломж бүрдэнэ” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







