В.Путин Украинд буй цэргийнхээ тоог анх удаа зарлав

В.Путин Украинд буй цэргийнхээ тоог анх удаа зарлав


   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд байлдаж буй цэргийнхээ тоог анх удаа олон нийтэд ил тодоор зарлалаа. “Telegram” хуудсандаа “Звезда” телевизийн мэдээлснээр, Төрийн Дум дахь намуудын бүлгийн дарга нартай өчигдөр уулзаж, фронтоос ирсэн залуучуудыг төрийн албанд авахад квот тогтоох талаар ярилцах үеэрээ В.Путин Украинд байгаа Оросын цэрэг, офицерийн тоог 700 мянга хэмээн хэлжээ. Үүнээс өмнө Москва Украинд байлдаж буй цэргийнхээ тоог албан ёсоор зарлаж байгаагүй бөгөөд хэвлэлүүд энэ тоог ихэвчлэн Киевийн эх сурвалжид тулгуурлан мэдээлж байсан билээ. 2023 оны хоёрдугаар сард Украин дахь ОХУ-ын цэргийн идэвхтэй бие бүрэлдэхүүн 300 мянга байсан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар энэ тоо 700 мянгад хүрсэн хэмээн Барууны цэргийн судалгааны байгууллагууд, тухайлбал Вашингтонд төвтэй Дайны судалгааны хүрээлэнгийн мэдээлж буй нь В.Путины хэлсэн тоотой таарч байна. Төрийн Думд болсон уулзалтаар В.Путин Украины дайнд оролцоод ирсэн залуучуудыг төрийн албанд ажиллах бололцоогоор хангах, ингэхдээ зарим тогтсон шалгууруудаас чөлөөлөх, холбогдох дүрэм журмыг гаргах асуудлыг хэлэлцсэн бөгөөд улс орны удирдлагад эдгээр дайчдыг түлхүү оролцуулах санаачилгыг дэвшүүлээд “Бидний халааг авах хүмүүс бол тэд мөн” хэмээн хэлжээ. Мөн 18-ны өдөр тэрбээр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимовын ажиллах хугацааг таван жилээр сунгасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Украинд явуулж буй цэргийн ажиллагааг удирдаж буй генерал В.Герасимов саяхан 70 нас хүрсэн бөгөөд Цэргийн жинхэнэ алба хаах хуулиар бол генерал цолтойн зэрэгцээ нас өндөр болсон албан хаагчийн алба хаах хугацааг ерөнхийлөгчийн тушаалаар тогтоон сунгаж болдог байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.