Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй номуудаас үнэрийн дээж авчээ
Австри улсад судалгааны ажил хийж буй монгол эрдэмтэд өчигдөр Монгол улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй номуудаас үнэрийн дээж авсан талаар тус номын сан мэдээллээ. Австрийн Байгалийн нөөц, амьдралын шинжлэх ухааны их сургуулийн Химийн лабораторийн профессор, доктор Д.Гүнбилиг, молекул биологич, доктор Р.Өлзийням нар Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей, Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөг, Тогтмол хэвлэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй судар ном, эртний баримтат өв, сонин сэтгүүлээс микробиологийн болон номын үнэрийн дээж авсан байна. Дээж авсан зорилго нь Үндэсний номын санд хадгалагдаж буй ном, судар, эртний баримтат өвүүд ямар үнэртэй болох, энэ үнэр юунаас үүдэлтэй болох, эдгээр номыг бүрдүүлж буй материалиудад химийн урвал хэрхэн явагдахыг судлах, мөн элэгдлээс урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалтын аргачлал боловсруулахад чиглэхээс гадна номын гадаргуу дээр ямар бичил организм үүсэж буйг таньж тогтоох явдал ажээ. “Үнэрээр номыг шинжихүй” судалгааны үр дүн 2026 онд гарна. 1921 онд үндэс суурь нь тавигдсан Үндэсний номын сангийн зургаан үндсэн сан хөмрөгт 3.5 сая ном судар, хэвлэлийн бүтээгдэхүүн хадгалагдаж байна. Үүнээс Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөгт 57 мянга, Тогтмол хэвлэл, архивын сан хөмрөгт нэг сая ном, хэвлэлийн бүтээгдэхүүн байдаг ажээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Монгол улсын Үндэсний номын сан.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







