Францын тэргүүн хатагтай эмэгтэй хүн гэдгээ нотолно

Францын тэргүүн хатагтай эмэгтэй хүн гэдгээ нотолно


   Францын тэргүүн хатагтай Брижит Макрон өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг нотлох баримтыг АНУ-ын шүүхэд гаргаж өгөхөөр зэхэж байгаа талаар LBC радио мэдээллээ. Өнгөрөгч хоёрдугаар сард Америкийн сэтгүүлч Кэндис Оуэнс түүнийг эхээс төрөхдөө эрэгтэй байсан төдийгүй 1961 онд сураггүй алга болсон төрсөн эгчийнхээ Брижит нэрийг авч хүйсээ нуусаар ирсэн, хэрэг дээрээ Жан-Мишэль Троньэ гэдэг эрэгтэй хүн хэмээгээд, үүнийхээ нотолгоо гэх баримтуудыг YouTube-д нийтэлсэн юм. Түүгээр зогсохгүй Эммануэль Макрон, Брижит Макрон нар садан төрлийн холбоотой, Э.Макрон нь АНУ-ын Тагнуулын төв газраас хүний ухамсрыг хянах зорилгоор хийдэг туршилтад орсон хэмээн бичсэн билээ. Харин Э.Макрон, Б.Макрон нар үүнийг “хүний санаанд багтамгүй бусармаг гүтгэлэг” хэмээгээд К.Оуэнсийг АНУ-ын Делавэр мужийн шүүхэд өгсөн юм. LBC радиогийн мэдээлснээр, Б.Макрон шүүхэд өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг батлах гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт болон шинжлэх ухаанд тулгуурласан бусад баримтуудыг гаргаж өгөхөөр болжээ. Б.Макроны өмгөөлөгч Том Клэр энэ талаар мэдэгдэхдээ “Ийм алхам хийх болсон нь гунигтай боловч өөр арга үнэхээр алга” гэсэн байна. Өрнөж буй үйл явдлын талаар ерөнхийлөгч Э.Макрон өмнө нь байр сууриа илэрхийлэхдээ “Ийм утгагүй зүйлийг тоохгүй байж болох ч миний гэр бүлийн нэр төрд халдсан хэрэг тул зүгээр өнгөрөөж чадахгүй” хэмээн хэлсэн юм.    

Гэрэл зураг: LUDOVIC MARIN / Pool / Reuters 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.