Герман: Еврей хүн орохыг хориглосон номын дэлгүүрийг хуулийн байгууллага шалгана
Германы нэгэн хуучин номын дэлгүүрт "Еврей хүн орохыг хориглоно" гэсэн бичиг өлгөсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, Германы хойд хэсгийн Шлезвиг-Холштейн мужийн Фленсбург хотын нэгэн хуучин номын дэлгүүрийн цонхон дээр "Еврей хүн орохыг хориглоно. Энэ бол еврейн эсрэг үзэл биш. Би зүгээр л тэднийг тэвчиж чаддаггүй юм" гэсэн бичээс байрлуулсан байсан бөгөөд нацист Германы үеийг санагдуулам энэ үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мөн олон нийтийн сүлжээгээр маш хурдан таржээ. Дэлгүүрийн эзэн, 60 гаруй насны А үүнийгээ тайлбарлахдаа “Газын зурваст Израилийн үйлдэж буй түрэмгийллийг эсэргүүцэж ийм үйлдэл хийсэн. Түүхийн эмгэнэл давтагдах ёсгүй гэж еврейчүүд үргэлж ярьдаг мөртлөө өөрсдөө үүний эсрэг алхам хийдэг” гэжээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай маш олон өргөдөл, гомдол ирсэн байна. Фленсбург хотын дарга асан Саймон Ланге бүр өөрийн биеэр цагдаагийн газарт ирж дээрх явдлын эсрэг гомдол гаргажээ. Хуулийн байгууллага үүнийг үндэс угсаагаар ялгаварласан, үзэн ядалтыг өдөөсөн хэргээр шалгахаар төлөвлөж байгаагаа зарлаад "Энэ нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, Герман улсад еврейн эсрэг үзлийг өдөөж болзошгүй" гэж мэдэгдэв. Улс төрийн хүрээнийхэн мөн цочирдсоноо илэрхийлсэн бөгөөд ерөнхий сайдын дэргэдэх Еврейн эсрэг үзэл хариуцсан тусгай комиссар Феликс Клайн үүнийг "Еврейн эсрэг үзлийн сонгодог хэлбэр" гэж нэрлээд "Энэ бичиг еврейчүүдийг хоморголон устгаж байсан нацистын үеийг санагдуулж байна" гэжээ. ХБНГУ-д суугаа Израилийн Элчин сайд Рон Просор мөн "1930-аад он эргэн ирлээ" гээд "Христэд итгэгчид, мусульманчууд, атеистууд, еврейчүүдийн аль нь ч тэр дэлгүүрт очихгүй гэдэгт найдаж байна" гэв. 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэл болон Израилийн хооронд дайн дэгдсэнээс хойш Германд еврейчүүдийн эсрэг гэмт хэрэг эрс нэмэгджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, ийм төрлийн хэрэг 2022 онд 2641 байсан бол 2023 онд 5154 болж өсөөд, өнгөрсөн онд 6235 болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







