“Их долоо”-гийн хоёр том гүрэн Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв
Их Британи, Канад, Австрали гурван улс Палестиныг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрснөө өчигдөр албан ёсоор зарлав. Их Британи, Канад нь "Их долоо"-гийн гишүүн орон бөгөөд Палестиныг G7-ийн улс хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болж байна. Гэхдээ Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн нь ХАМАС-ын талд орно гэсэн үг биш гэдгийг гурван орон онцолжээ. Харин Израиль болон АНУ үүнийг шууд эсэргүүцэж "Терроризмыг шагнаж байна" гэж мэдэгдэв. Канадын ерөнхий сайд Марк Карни тэр өдөр хийсэн мэдэгдэлдээ "Канад улс Палестины эрх баригчдын удирддаг улсыг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь Израиль, Палестин хоёр улсыг энх тайвнаар зэрэгцэн оршоосой гэж хүсдэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэлт, шаардлагын нэг хэсэг. Нөгөө талаар бид ХАМАС бүлэглэл болон терроризмыг хэзээ ч зөвтгөхгүй” гэжээ. Үүний дараахан Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз мэдэгдэл хийхдээ "Палестины тусгаар тогтнол нь Газын зурвас дахь дайныг зогсоож, урт хугацааны энх тайвныг сэргээх урьдчилсан нөхцөл" гээд "Харин ХАМАС шинэ улсын улс төр, аюулгүй байдлын бүтцэд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй" гэсэн байна. Тэгвэл Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер "Энх тайван, хоёр төрийн шийдэлд хүрэх итгэл найдварыг сэргээхийн тулд Их Британи Палестин улсыг хүлээн зөвшөөрч байна" гэжээ. Улмаар ойрын хэдэн долоо хоногт багтаан ХАМАС бүлэглэлийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг танхимдаа даалгасан байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 орны 151 нь Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрчээ. Франц, Бельги, Люксембург зэрэг орнууд өнөөдөр Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Палестиныг хүлээн зөвшөөрөх асуудлаар мэдэгдэл хийх төлөвтэй байгаа тухай AFP онцолсон байна.
Гурван улсын мэдэгдлийн хариуд Израиль улс тэр даруй эсэргүүцэл илэрхийлжээ. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Засгийн газрын хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Палестин улсыг хүлээн зөвшөөрөх нь бидний оршин тогтнолд заналхийлж, терроризмыг шагнаж буй хэрэг” гээд “Олон улсын хамтын нийгэмлэг террорист бүлэглэлүүдийг тусгаарлах биш, харин тэднийг хууль ёсны болгож байна” хэмээн шүүмжилсэн байна. АНУ мөн энэ алхмыг эсэргүүцсэн бөгөөд Дональд Трамп саяхан Их Британид төрийн айлчлал хийх үеэрээ Палестин улсыг хүлээн зөвшөөрөх тухай К.Стармерын байр суурьтай холбогдуулан "Энэ асуудлаар би ерөнхий сайдтай санал нийлэхгүй байна" гэж мэдэгдсэн юм. Палестины эрх баригчид дээр гурван орны мэдэгдлийг талархан хүлээж авсан байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Рияд аль-Малики "Энэ шийдвэр нь Палестины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын цаашдын замыг нээж өглөө" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







