Хятад: COVID-19-ын талаар дэлхий нийтэд анх мэдээлсэн эмэгтэй дахин хорих ялаар шийтгүүлэв
COVID-19 цар тахал дэгдэх үед Хятадын Ухань хотын нөхцөл байдлыг дэлхий нийтэд дэлгэсэн, 42 настай Жан Жан хэмээх эмэгтэй суллагдсанаасаа хойш гуравхан сарын дараа дахин дөрвөн жилийн хорих ял сонслоо. Өмнө нь 2020 оноос эдэлсэн дөрвөн жилийн ялыг нь авч үзвэл тэрбээр ийнхүү нийт найман жилийг торны цаана өнгөрөөх болоод байна. “Taipei Times” сонины мэдээлснээр, Шанхай хотын шүүх 19-ний өдөр хуралдаж, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан гэх хэргээр Жан Жанд дөрвөн жилийн хорих ял оноожээ. Хуульч асан Жан Жан 2020 оны эхээр цар тахал дэгдэж эхлэх үеийн Ухань хотын зургийг авч X (хуучнаар Твиттер) болон YouTube зэрэг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм. Бичлэгт тэрбээр Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжилж "Тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нэрийн дор хүмүүсийг хорьж, эрх чөлөөг нь хязгаарлаж байна" гэсэн юм. Түүнийг 2020 оны тавдугаар сард баривчилж, олон нийтийг төөрөгдүүлсэн хэргээр мөн оны 12 дугаар сард дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Тэрбээр Шанхай хотын эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байхдаа шударга бус шийдвэрийг эсэргүүцэн удаа дараа өлсгөлөн зарласан бөгөөд энэ хугацаанд эрүүл мэнд нь ихээр доройтож, 75 кг-аас 41 кг болтлоо турсан хэмээн Барууны хэвлэлүүд бичсэн юм. Жан Жан дөрвөн жилийн ялаа бүрэн эдлээд өнгөрсөн оны тавдугаар сард суллагдсан боловч шударга бусаар ажлаасаа халагдсан ажилчдыг өмгөөлөн тэмцсэнийхөө төлөө саатуулагдаад байсан хүний эрхийн төлөө тэмцэгч Жан Фанчэнг дэмжсэн хэргээр дахин баривчлагджээ.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн яллах дүгнэлтэд дурдсанаар, прокурорууд Жан Жаныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Хятад улсын үндэсний нэр хүндэд ноцтой халдаж, их хэмжээний худал мэдээлэл тарааж, нийгмийн хэв журмыг алдагдуулсан хэмээн буруутгажээ. Жан Жаны өмгөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна. Өнгөрсөн 19-ны өдөр болсон шүүх хуралд АНУ болон Европын долоон дипломат ажилтан оролцохыг оролдсон ч бичиг баримтын бүрдэл хангаагүй гэсэн шалтгаанаар орохыг хоригложээ. "Хил хязгааргүй сэтгүүлчид" (RSF) байгууллага мөн өдөр мэдэгдэл гаргаж "Жан Жаныг шоронд хорих биш, "мэдээллийн баатар" байсныг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнийг нэн даруй суллахын тулд Олон улсын дипломат байгууллагууд Хятадын Засгийн газарт шахалт үзүүлбэл зохино" гэжээ. RSF байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний шагналаа 2021 онд Жан Жанд олгож байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







