Онцгой байдлын алба анх удаа 42 метр урт галын машинтай болов

Онцгой байдлын алба анх удаа 42 метр урт галын машинтай болов


   Монгол, Франц улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай улсын Онцгой байдлын ерөнхий газарт гал түймэр унтраах дөрвөн машин хүлээлгэн өглөө. Тодруулбал, 42 метр урттай хоёр автомашиныг Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн 63 дугаар ангид, 32 метр урттай хоёр автомашиныг Баянхонгор аймгийн 16 дугаар анги, Өвөрхангай аймгийн 12 дугаар ангид тус тус хуваарилжээ. Улмаар Франц улсын “Десотел” группын сургагч багш нар 15 хоногийн хугацаанд автомашины ашиглалт, засвар үйлчилгээний сургалт зохион байгуулж, 30 гаруй алба хаагчийг хамруулсан байна. Тус автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар манай улсын цаг уур, орчин нөхцөлд тохируулан хийгдсэн бөгөөд манай улсад онцгой байдлын албаны хэрэгцээнд анх удаа 42 метр урт автомашин нэвтэрч байгаагаар онцлогтой. Мөн энэ нь Монгол, Франц улсын Засгийн газар хоорондын байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн нэг хэсэг аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.