Том гүрнүүд Палестиныг хүлээн зөвшөөрсөн нь бэлгэдлийн чанартай алхам уу?

Том гүрнүүд Палестиныг хүлээн зөвшөөрсөн нь бэлгэдлийн чанартай алхам уу?


   Их Британи, Канад, Австрали, Португал зэрэг орнууд Палестиныг хүлээн зөвшөөрсөн нь үндсэндээ бэлгэдлийн чанартай алхам юм. Хэдийгээр 150 орчим орон Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрч, үүнд Израилийн холбоотон гэгддэг Барууны томоохон гүрнүүд нэгдэж байгаа нь ч улс төрийн өөр шалтгаантай. Палестины улс төрийн шинжээч Хавьер Абу Эйд ВВС-д өгсөн ярилцлагадаа "Палестин дэлхийн хэмжээнд хэзээ ч ийм хүчирхэг болж байгаагүй" гэжээ. Гэсэн хэдий ч Палестин улс олон улсын эрх зүйн дагуу төрт ёсны шаардлага хангаж байгаа эсэх нь маргаантай хэвээр байна. 1933 оны Монтевидеогийн хэлэлцээр ёсоор бол олон улсын эрх зүйн хүрээнд улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хүн ам, тодорхой газар нутаг, үйл ажиллагаа явуулж буй засгийн газар, гадаад харилцааны чадавх гэсэн дөрвөн нөхцөлийг хангасан байх ёстой. Палестин нь хүн амтай, дипломат харилцааны чадвартай ч, хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, үйл ажиллагаа явуулж буй засгийн газар байхгүй. Палестинчууд Зүүн Иерусалим, Баруун эрэг, Газын зурвас гэсэн гурван газар нутгийг эзэмшдэг ч эдгээр нутгийг 1967 оны Зургаан өдрийн дайны үеэр Израиль эзэлж авсан. Одоогийн байдлаар Баруун эрэг нь Израилийн хүчин болон еврейн суурингуудын холимог бөгөөд Палестины засаг захиргаа газар нутгийн дөнгөж 40 орчим хувийг л хянаж буй. Мөн палестинчуудын нийслэлээ гэж үздэг Зүүн Иерусалим нь еврейн суурингаар хүрээлэгдсэн, Баруун эргээсээ улам бүр тасарч байна. Улс төрийн хувьд ч хоёр хуваагдсан, Баруун эргийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Палестины захиргаа хянадаг бол Газын зурвасыг зэвсэгт ХАМАС бүлэглэл удирддаг. ХАМАС 2007 оны зургаадугаар сард өрсөлдөгч ФАТХ бүлэглэлийг түлхэн унагаж Газын зурвасыг хяналтандаа авсан бөгөөд энэхүү цуст мөргөлдөөнөөс хойш хоёр тал эвлэрэх боломж улам хязгаарлагдсан юм. Францын Экс-Марсэль их сургуулийн олон улсын эрх зүйн профессор Ромэн Лө Буф AFP агентлагт өгсөг ярилцлагадаа "Төр улсыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь байхгүй гэсэн үг биш, хүлээн зөвшөөрсөн гэдэг нь бий болсон гэсэн үг биш" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.