Дональд Трамп фашизмын эсрэг хөдөлгөөнийг террорист байгууллагын жагсаалтад оруулав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп фашизмын эсрэг үзэлт "Antifa" хөдөлгөөнийг дотоодын террорист байгууллагын жагсаалтад оруулах зарлигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ нь түүний консерватив үзэлт улс төрийн идэвхтэн Чарли Көркийн амийг хөнөөсөний дараа радикал зүүнийхэнд хандаж буй үйлдэл гэж тайлбарлаж байна. Гарын үсэг зурсан захирамждаа тэрбээр тус хөдөлгөөнийг "АНУ-ын Засгийн газар, хууль сахиулах байгууллага, хууль дээдлэх үзлийг түлхэн унагахыг илт уриалдаг милитарист, анархист бүлэг" гэж тодорхойлсон байна. Улмаар тушаалдаа Холбооны бүх хэлтэс, агентлагуудад "Antifa"-гийн явуулсан хууль бус үйл ажиллагаа, ялангуяа террорист үйлдлийг шалгаж, шаардлагатай арга хэмжээ авах бүх эрх мэдлийг олгосон байна. Үүнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг санхүүжүүлдэг хүмүүсийг шалгаж, яллах эрх мөн орно. Одоогоор АНУ-ын Төрийн департаментаас заан нэрлэсэн 219 террорист бүлэглэл бүгд хилийн чанадад байрладаг. Харин энэ удаа дотоодод үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг анх удаа терророист байгууллагын жагсаалтад оруулсан нь энэ юм. "Antifa" хөдөлгөөн үнэхээр Засгийн газрыг унагахыг зорьж байгаа нь тодорхойгүй юм. "Antifa" гэдэг нь "антифашист" гэсэн үгийн товчлол бөгөөд тодорхой удирдагч, төв байгууллагагүй, нийтлэг итгэл үнэмшилтэй хувь хүн, бүлгүүдийг хамарсан хөдөлгөөн юм. Нөгөө талаар тодорхой байгууллага биш тул фашизмын эсрэг үзэл суртлыг дэмжсэнийх нь төлөө хувь хүмүүсийг шийтгэх нь хүний эрхийн зөрчил үүсэх магадлалтайг зарим мэргэжилтнүүд онцолж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







