Бага зэрэг архи хэрэглэх нь гадаад хэлний чадварыг сайжруулдаг болохыг тогтоов

Бага зэрэг архи хэрэглэх нь гадаад хэлний чадварыг сайжруулдаг болохыг тогтоов


   Согтууруулах ундаа бага хэмжээгээр уух нь гадаад хэлний чадварыг сайжруулдаг болохыг тогтоосон сонирхолтой судалгаа гарчээ. “The Times” сонины мэдээлснээр, Бат(Bath) их сургуулийн судлаачид 50 герман хүнд туршилт хийж, архины хэрэглээ болон гадаад хэлний мэдлэгийн хоорондын хамаарлыг тогтоосон байна. Судлаачид голланд хэлний ижил түвшний тодорхой мэдлэгтэй хүмүүсийн заримд нь бага хэмжээний архи уулгаад хооронд нь голланд хэлээр яриулсан байна. Ингээд төрөлх голланд хэлтэй эрдэмтэн тэдний яриаг сонсож, үнэлгээ өгөхөд архи уусан хүмүүс нь дуудлага болон дүрмийн хувьд илүү зөв ярьж байжээ. Эрдэмтэд "Архи нь хүний сэтгэл зовнилыг бууруулж, өөртөө итгэлтэй болгож гадаад хэлний чадварыг дээшлүүлдэг болох нь хэдэн хэдэн судалгаагаар тогтоогдсон” гэсэн байна. Улмаар энэхүү судалгаа нь энэ жил Бостоны их сургуульд болсон 2025 оны “Ig Nobel” шагналын ялагчаар тодорчээ. “Ig Nobel” шагнал нь шинжлэх ухааны сонирхлыг өдөөсөн, хөгжилтэй, ер бусын, давтагдашгүй, хошин судалгаанд олгодог шагнал бөгөөд жил бүр 9000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж шилдэг 10 судалгааг тодруулдаг юм. Судалгааны багийн ахлагч доктор Инге Керсберген "Шинжлэх ухаан өвөрмөц сонин, бас хөгжилтэй байж болдог гэдгийг дээрх судалгаанууд харуулдаг. Энгийн нэг асуулт заримдаа хүний ​​зан үйлийн талаархи гайхалтай нээлт болдог" гэжээ. Гэхдээ энэ нь гадаад хэлээр сайн ярихын тулд архи уу гэсэн үг биш гэдгийг судлаачид онцолж байна. Судалгааг хяналттай лабораторийн нөхцөлд, маш бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хэт их уух нь танин мэдэхүйн чадварыг бууруулж, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг гэдгийг мөн онцлон дурдсан байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.