Э.Макрон: Д.Трамп Нобелийн шагнал авмаар байгаа бол эхлээд Газын дайныг зогсоох ёстой

Э.Макрон: Д.Трамп Нобелийн шагнал авмаар байгаа бол эхлээд Газын дайныг зогсоох ёстой


   Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Нобелийн энх тайвны шагналд нэр нь яригддаг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг юуны өмнө Газын зурвас дахь дайныг зогсоохыг шаардав. Өчигдөр Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган дээр хэлсэн үгэндээ түүний энхийг сахиулах хүчин чармайлтыг сайшаах үед Э.Макрон Израиль улсад зэвсэг нийлүүлэлтээ зогсоохыг шаардаж, "Хэрэв та Нобелийн шагналыг авмаар байгаа бол АНУ-ын хийж чадах зүйлийг хий" гэсэн байна. Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурь зөрүүтэй байгаа энэ цагт эхэн үедээ найрсаг харилцаатай байсан АНУ, Франц хоёр орны харилцаа хүйтэрч байна. Э.Макрон мөн Францын BFM телевизэд ярилцлага өгөхдөө, Д.Трампын үүргийг онцлоод, "Газын зурвас дахь нөхцөл байдлыг өөрчилж чадах цорын ганц хүн бол АНУ-ын ерөнхийлөгч юм" гэжээ. Дараа нь тэрбээр Д.Трамп Нобелийн энх тайвны шагнал авах хүсэлтэй байдгийг дурдаад "Газын дайн зогссон тохиолдолд л Нобелийн шагналын тухай яригдана” гэжээ. АНУ-ыг Израильд бодит нөлөө үзүүлэх цорын ганц орон гэж онцолсон шалтгаанаа тайлбарлахдаа “зэвсгийн нийлүүлэлт” гэж товчхон хариулсан байна. Энэ талаар "Газын зурвас дахь дайныг зогсоох үүднээс бид зэвсэг нийлүүлдэггүй. Харин АНУ үүнийг шуудхан хийдэг" гэж мэдэгджээ. Мөн хоёр орон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх асуудлаар өөр өөр байр суурьтай байна. Д.Трамп НҮБ-д хэлсэн үгэндээ Их Британи, Канад, Австралийн араас Франц улс Палестиныг хүлээн зөвшөөрснийг хатуу шүүмжилжээ. Харин Э.Макрон ярилцлагадаа Д.Трампын мэдэгдлийг няцааж, "ямар ч үндэслэлгүй" гэсэн байна. Ерөнхийлөгч Э.Макроны энэхүү дипломат тоглоомыг Д.Трампын Нобелийн шагнал авах хүслийг өдөөж, улмаар түүний бодлогод нөлөөлөх гэсэн оролдлого гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.