Их долоогийн орнууд олон улсын асуудлаар ямар байр суурь илэрхийлэв?
Их долоогийн орнууд санал нэгдэж, Орос, Хятад, Иран, Хойд Солонгос зэрэг олон улсын дэг журамд заналхийлж буй орнуудад анхааруулга өгчээ. Тодруулбал G7-ын Гадаад хэргийн сайд нар Оросын цэргийн өдөөн хатгалгыг буруушаан тус улсад нэмэлт хориг арга хэмжээ авахаар болж, хөрш орнуудынхаа хил дээр цэрэг хуралдуулж байгаа Хятадыг шүүмжилж, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, хүн хулгайлсан асуудлыг даруй шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа дахин нотлон илэрхийлсэн байна. Их Долоогийн орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар болон Европын холбооны дээд төлөөлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргахдаа олон улсын гол асуудлаар нийтлэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тэд ОХУ-ыг хөрш орнуудынхаа агаарын орон зайг зөрчиж, олон улсын аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг шүүмжилж, Украинд аюулгүй байдлын бат бөх, найдвартай баталгаа өгөхийн тулд АНУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ мэдэгдэв. Мөн Ойрхи Дорнодод чиглэсэн тодорхой зарчмуудыг тодорхойлохдоо Газын зурвас дахь хямралыг зогсоож, барьцаалагдсан бүх хүмүүсийг суллаж, Израиль, ХАМАС хоёрын хооронд гал зогсоохыг уриалав. Улмаар Газын зурваст дайны дараах сэргээн босголт, энхийн бүтээн байгуулалт явуулахад Арабын түншүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Ираны цөмийн асуудлын тухайд тус улсыг Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллахыг шаарджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







