Хүн рүү халдаж гэмтээсэн “Tesla” компанийн роботыг шүүхэд өгчээ
“Tesla” компанийн үйлдвэрийн шугамд ажиллаж байсан робот хүн рүү халдаж гэмтээсэн гэх үндэслэлээр техникч Питер Хинтердоблер 51 сая долларын хохирол нэхэмжилж шүүхэд хандсан байна. Их Британийн "The Independent" сонины мэдээлснээр тэрбээр үйлдвэрлэлийн шугамд өөр байрлал руу шилжүүлсэн роботыг задалж дотоод эд ангиудад нь нэвтрэх гэж оролдох үед робот гэнэт түүнийг цохижээ. Маш хүчтэй цохисны улмаас П.Хинтердоблер ухаан алдан унаж хүнд бэртэл авсан байна. Улмаар тэрбээр эмчилгээний зардалд 1 сая доллар зарцуулсан бөгөөд цаашид дор хаяж 6 сая долларын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаагаа дурджээ. П.Хинердоблер 51 сая долларын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд үүнд эмчилгээний зардал, биеийн өвчин шаналгаа, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны хохирлыг тооцон оруулсан байна. Нэхэмжлэлээ зөвхөн “Tesla” компанийн эсрэг биш, Японы робот үйлдвэрлэгч FANUC компанийн эсрэг гаргаад байгаа бөгөөд одоогоор уг хэргийг АНУ-ын Окленд мужийн холбооны шүүх хянаж байна. “Tesla” компанийн роботын халдлагатай холбоотой нэхэмжлэл анхных биш юм. 2021 онд Техас мужийн Остин дахь үйлдвэрийн инженер роботын халдлагад өртөж байжээ. Робот инженерийг хана руу түлхэж, төмөр сарвуугаараа түүний нуруу, гар хөл зэргийг ноцтой гэмтээж байжээ. Мөн 2015 онд Мичиган дахь автомашины сэлбэгийн үйлдвэрийн засвар үйлчилгээний инженер FANUC роботод цохиулж, гавлын яс нь хүнд гэмтсэний улмаар амь насаа алдсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







